Арга

Инсертийн арга / Insert / Унших явцад бүтээлчээр тэмдэглэгээ хийлгэх арга юм. Энэ арга нь шинэ хичээл заахад тохиромжтой. Шар тарваганы бор амьдрал сэдвийг энэ аргаар хэрхэн заах аргачлалыг авч үзье. 1. Тарваганы тухай юу мэддэг, юу төсөөлж байгаагаа жагсааж бичих ба гол санааг багш самбарт бичнэ. 2. Үүний дараа эх текстийг унших ба уншихдаа бүтээлчээр тэмдэглэгээ хийнэ. Тэмдэглэгээг тайлбарлаж өгнө. Хэрэв таны уншсан зүйл таны мэддэг зүйлтэй тохирч байвал мөрний эхэнд / +/ тэмдэг тавина. Хэрэв мэдэж байсан зүйлээс өөр эсрэг утгатай зүйл гарч ирвэл /-/ тэмдэг тавина. Хэрэв тухайн мэдээлэл шинэ зүйл байвал /+/ тэмдэг тавина. Хэрэв уншсан зүйл эргэлзээтэй эсвэл та энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал /?/ тэмдэг тавина. 3. Бүх мөр бүх санааг тэмдэглэх албагүй. Хамгийн гол нь өөрийн үзэл бодол шинэ мэдээтэй хэрхэн уялдаж буйг илэрхийлэх нь чухал. Заримдаа 1-2, заримдаа 3-4 ч өгүүлбэр байж болно. 4. Бүрэн уншиж дууссаны дараа дараах даалгаврыг хийнэ. Үүнд: Уншихын өмнө хийсэн жагсаалтаа өгүүллэг дээр тэмдэглэсэн тэмдэглэгээтэй харьцуулан: - Юу юу нь батлагдсан бэ? -юу юу нь шинэ эргэлзээтэй - Юу юу нь өөр байсан -дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгааг Анализ хийн 2,2-оор ярилцана. Энэ нь харилцан суралцах, тасралтгүй боловсрол эзэмших чадвартай болоход ач тустай. 5. Заримдаа оролцогч бүр дараах маягаар мэдээллийг ангилсан хүснэгт зурах нь дөхөмтэй. Мөн шинээр олж авсан мэдлэгээ системчилж аль нь эргэлзээтэй вэ? Аль нь эсрэг утгатай, цааш дэлгэрэнгүй судлах зүйл юу байв гэдгийг тодруулах зорилготой. 6. Сурагчдыг групп болгон шинэ олж авсан мэдээллээ категоричлоно. /дэд сэдэвт хураана. / 7. Групп бүр түүнийгээ цаасан дээр бичнэ, самбарт тавьж нийтээр хэлэлцэнэ. Явц дунд зарим категориудыг өөрчлөх шаардлага ч гарч болно. Категоричлох явдал групп бүрд өөр өөр байж болно. Гарч ирсэн категориуд нь гаргасан санал бодлуудыг зөв багтааж байх ба тухайн шинж чанар санал бодолд тохирч байх ёстой. Жишээ нь: дээрх жагсаалтаа ангилан 1. Тарваганы төрөл зүйл 2. Үржил өсөлт 3. Амьдралын орчин 4. Гэр бүл 5. Зан авир гэж категорчилж болох юм. Энэ арга нь сурагчдын бүтээлчээр унших, бичих чадварыг хөгжүүлэх, шинэ мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авах чадвартай болгодгоороо онулог арга юм. Энэ аргыг бага ангид тэмдэглэгээг 1-2 болгон хэрэглэж болох ба дунд ангид, түүх, уран зохиол, нийгэм, газарзүй, физик, химийн хичээл заахад илүү тохиромжтой. Тэгэхдээ эх текстийг номноос шууд уншуулж болно. Шар тарваганы бор амьдрал Манай дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нийтдээ 15 зүйлийн тарвага тархжээ. Үүнээс монголд 2 зүйл тухайлбал Хээрийн тарвага, Алтайн тарвага гэж бий. Дэлхийн тарваганууд янз бүрийн байгалийн бүс бүслүүрт амьдрана. Ууланд, талд, ойд, хаданд гэхчлэн. Тарвага ичихдээ хуурай өвс зулсан ноохойд /хүүхдүүдээ/ дороо хийгээд, дээрээс нь элгээрээ дарж хэвтдэг байна. Ичээндээ хөлдчихөлгүй өвөлжихөд нь тарваганы /хүн/ мах чухал үүрэгтэй гэж эрдэмтэд тогтоожээ. Тэрхүү бор өөх нь дулаан ялгаруулдаг нэг ёсны уурын зуух гэнэ. Ичсэн тарваганууд бүгдээрээ унтчихдаггүй ээлжлэн сэрүүн байж жижүүрлэсний хүчинд онд ордог байна. Ичсэн тарвага тоотой цөөхөн амьсгална. Тэгвэл сэрүүн буюу жижүүр тарваганы амьсгал хэвийн тоотой байдаг. Амьсгалаар нь ичээний доторх агаар бүлээцдэг гэнэ. Хавар 3 сарын дундуур ичээнээсээ гарна. Ичээ цоолох ажлыг бүл тарваганаас нэг нь л гүйцэтгэдэг байна. Тэр ичээний хөлдүү бөглөөсийг ухсаар байгаад хамар нь эвэршчихсэн, хумсгүй мөлгөр тавхайтай болчихсон байдаг. Нүхний амсарт тогтсон мөсийг амьсгаагаараа хайлуулах гэж уухчин байх нь дуулдана. Эсвэл халуун биеэрээ налж хэвтсээр мөсийг цоолдог байна. Тарвага ичихдээ ичээнийхээ нүхийг дотроос нь шороо, чулуу ялгадсаараа бөглөдөг. Бас онд орж чадахааргүй нэгийгээ амьдаар нь нүхний бөглөөсөнд чихчихдэг гэнэ. Тиймэрхүү ядруу тарвагыг олноороо бүүрэлхэж араас нь түрэн шахаж нойтон шороон чулуугаар чигжин /цементэлж/ гагнадаг байна. Энэ ёозгүй зангаас нь айж ичихээ дөхөхөөр зарим эрэмдэг тарвага /гэрээсээ оргон/ зуны зусаал нүхэнд өвлөөр хөлдөж үхдэг ажээ. Голдуу бүлээрээ /өрхөөрөө/ ичдэг гэлцэнэ. Ам бүлийн тоо ч өөр өөр байх нь мэдээж. 27 тарвага нэг дор ичсэн байхыг үзсэн гэж Архангай аймгийн анчин Г.Ойдов гуай нэг удаа урьжээ. Ичээнээс гарсны дараах долоо хоногоос ороо хөөцөлдөө эхэлнэ. Тарвага гэрлэдэг амьтан юм. Шинэ хосууд үүсэж айл болох ажил ердөө л 12-хон хоногт багтдаг болов уу гэсэн таамаглал байдаг. Хосууд л хоорондоо ороо нийлүүлэгт ордог аж. /Шинжлэх ухааны хэлбэрээр моногам үржил гэнэ/ Үүнийг нотлох нэг сонирхолтой жишээ бол гэр бүл болоогүй эцэг эх дээрээ байгаа залуу охин тарвага /тарч/ тэр жилдээ мөндөл төрүүлдэггүй явдал юм. Гэвч тахал болон агналтын гайгаар моногам амьдрал алдагддаг бололтой. Хүмүүс эр томыг нь түүж агнаж, тахал эрийг нь эмээс нь 2 дахин илүү тоогоор харуулдаг. Ийнхүү эм тарвага эрээсээ олширвол тэд /хоноцын/ мөндөл цувуулж эхэлнэ. Гэхдээ энэ нь ихэвчлэн ахимаг нагай нарт илүү ажиглагддаг. Тарвага хээлээ 35 хоног тээж 5-р сарын дундуур 3-12 мөндөл гаргана. Мөндөл нь 30-40 грамм жинтэй. Эхийгээ сар шахам хөхөж байж бор хоолонд ордог. Тарвага үрсэг, мөндөлдөө их хайртай амьтан юм. Нутгаа дагаж тарваганы “үг яриа” ааш авир нь ч янз бүр. Ж.нь: монгол тарвага хиг хог , хиг хог гэж хос авиа гарган хошгирдог. Бас нэгэн хачирхалтай явдлыг энд дурдаж болно. Америк тивийн тарваганы залуу хосууд гэр бүл болмогцоо эцэг эхээ ад үзэж гэрээс нь хөөчихдөг заншилтай гэнэ. Залуус тохилог үүр ноохойд амьдарч хөгшид нь захын хаягдмал нүхээр тэнүүчилнэ. Тэгэхэд манай эр тарваганууд /гэр бүл/ болохдоо “хадмынхаа” эзэмшил газрын захын зусаал хаягдсан нүхэнд очиж “хүргэн” ордог. Нүхийг засаж янзална. Тэдэнтэй цуг “эрд гараагүй” ганц бие эгч нь цуг амьдарч болдог байна. Тарвага иймэрхүү амьдралтай амьтан даа. Бүлэглэх арга Энэ нь сурагчдын юу мэдэж байгааг олж илрүүлэх хамгийн сайн арга. Тухайн хичээлээр тодорхой бүлэг сэдэв үзэхийн өмнө сурагчдыг групп болгон хийлгэж нийтээр хэлэлцэх, нөгөөгөөр тэрхүү бүлэг сэдвээ судалж дууссаны дараа дахин бүлэглүүлж өмнөхтэй харьцуулж дүгнэлт гаргуулж болох юм. Ж.нь: 8-р ангид Газарзүйн хичээлээр “монголын аж ахуй” бүлэг сэдэв эхлэхэд энэ агуулгын хүрээнд юу мэддэгийг бүлэглүүлж болно. Энэ арга нь сурагчдад мэдлэгийг системтэй, цэгцтэй эзэмшүүлэхэд дөхөмтэй. Уншигчийн мэдрэмжийг шалгах арга Сурна гэдэг нь мэдэхгүй зүйлийг мэддэг зүйлтэйгээ холбон ойлгох үйлдэл юм. Суралцагчид шинэ мэдлэгийг өмнөх мэдлэг, итгэл үнэмшил дээрээ тулгуурлан бий болгодог. Иймд суралцагчийн өмнөх мэдлэгээ сэргээн санах авъяасыг хөгжүүлснээр шинэ мэдээлэл хүлээн авах цаашдын баттай үндэс суурийг тавьж болно. Ингэснээр насан турш шинэ мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авах чадвартай болно. Утга төгөлдөр үлдэцтэй, үр өгөөжтэй мэдлэг эзэмшүүлэхийн тулд: Суралцагчдыг сурах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Ингэснээрээ тэд төрөлх хэл дээрээ чөлөөтэй сэтгэж түүнийгээ чөлөөтэй илэрхийлж, дүгнэн цэгнэж сурна. Энэ аргын гол зорилго нь бүтээлчээр сэтгэж, уншсан зүйлдээ анализ хийн, зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөн, санаа бодлоо илэрхийлж сурах явдал юм. Ж.нь: 9-р ангид нийгмийн эмзэг хэсгийн талаар ярилцая гэвэл энэ аргыг ашиглаж болно. Багш сэдвийг тарааж өгөхийн өмнө дараах даалгаврыг өгнө. Энэ нь шинэ сэдэв үзэхийн өмнө урьдах нөхцөлийг бүрдүүлэх дасгал юм. 1. а/ Ямар нэг байдлаар бусдыг гомдоосон жишээ 1 б/ Бусдад итгэж явтал өөрийг чинь гомдоосон жишээ 1 Сурагч бүр хувь хувьдаа бодож бич. 2. Бичсэнээ 2,2-оор хоорондоо ярилц 3. Багш эх текстийг тарааж өгнө. 4. Сурагч бүр дэвтэртээ дараах хүснэгт хийнэ. -Зохиолоос авсан ишлэл -Ишлэлийн талаарх таны бодол 5. Бүгд уншиж бичсэний дараа сурагч бүрийн сонгож авсан ишлэл түүнийг сонгох болсон үндэслэлийг нийтээр сонсож хэлэлцэх ба чөлөөт асуулт тавьж болно. 6. Та хожим энэ өгүүллэгээс алийг нь илүү санах бол? Яагаад? Манай нийгэмд ямар ялгаварлал давхраажилт үүссэн гэж та бодож байна гэх мэтээр текстийг бүхэлд нь дүгнэн ярилцана. Энэ арга нь мэдээлэлд дүгнэлт өгөх, санал бодлоо харилцан солилцох, олон янзын хариулт хүлээн зөвшөөрөх, зөрөөтэй санал бодлыг хүлээцтэй сонсох чадварыг эзэмшүүлдгээрээ давуутай. Raft арга Аргын нэрийг тайлбарлавал Roles-дүрүүд /хэний дүрийн өмнөөс бичих/ Audiences-сонсогчид /хэнд зориулж бичих/ Form-бичлэгийн хэлбэр /өгүүлэл, харилцан яриа, сэрэмжлүүлэг г.м/ Topic-сэдэв Энэ аргын гол шаардлага нь тухайн хандаж буй сэдвийг хувь хүн өөрийн үзэл бодол, байр сууринаас бус өөр хүний дүрийн өмнөөс бичлэгийн янз бүрийн хэлбэрийг ашиглан бусдад болон хэн нэгэнд зориулан бичих явдал юм. Ж.нь: Чонотой холбоотой сэдэв үзэх үед энэ аргыг хэрэглэе. Багш сурагчдаас хэн энэ тухай бичих сонирхолтой байна вэ? Гэхэд малчин, анчин, жуулчин, амьтан сургагч, байгаль хамгаалагч гэх мэт. Багш дараах хүснэгтийг өгч бөглүүлнэ. Үүнд: а/ 1,1-ээр б/ 2,2-оор в/ 6,6-аар г/ анги нийтээр хэлэлцэнэ. Хэн бичиж байна /дүр/ Хэнд зориулж бичиж байна Ямар хэлбэрээр бичих Зорилго нь юу вэ? анчин Анчдад Асуудал Дэвшүүлсэн мэдээлэл Ан агнуур, түүний ач холбогдол, агнах арга, хууль ёсны агнаарын тухай таниулах малчин Малчдад олон нийтэд Сэрэмжлүүлэг, Захидал, өгүүлэл Чононоос сэрэмжлүүлэх жуулчин жуулчдад Аян замын тэмдэглэл Мэдээлэл өгөх зөвлөмж Байгаль хамгаалагч Олон нийтэд Тайлан, илтгэл Экологийн тэнцвэрт байдлыг хангах ухамсрыг төлөвшүүлэх өвчтөн Олон нийтэд, анагаах ухааны эрдэмтэд Захидал /туршлага/ Өвчтөнийг анагаах Увдисыг олны хүртээл болгох Багш,хүүхэд хүүхдэд Шүлэг,дуу,эссе оньсого Үзэл бодлоо хуваалцах Хүснэгтээ бөглөн хэлэлцсэний дараа сурагчид хэний дүрийн өмнөөс уг сэдвийн талаар бичихээ сонгоно. Ижил дүр сонгосон хүүхдүүд 1 дор сууж тус тусдаа 5-7 минут бичгийн ажлаа хийгээд бие биедээ уншиж өгч, тэндээс хамгийн сайн бичигчийг шалгаруулан “уншигчийн индэр”-т гаран зохиолоо нийтэд уншиж өгөх ба бүх сурагчдын хийсэн бүтээлийг хананд байрлуулж олны хүртээл болгоно. Энэхүү арга нь сурагчдын асуудлыг олон талаас нь авч үзэх, оюуны бүтээлээрээ бахархах, тэрхүү урмыг сэргээх, бичгийн ажлыг бүтээлчээр хийх аргад суралцуулдгаараа сайн талтай.

Үзүүлж заах арга

Энэ нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, хэлний мэдлэгийг тэдний ой тогтоолтод хүргэх, үлдээхэд чухал үүрэгтэй. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сэдэл бий болдог. Үзүүлж заах аргыг хүнд сэдэв заах, эсвэл сурагчдаар ажиглуулж, дүгнэлт гаргуулах, нэгтгэн дүгнэж, бататган ойгох үйл ажиллагаанд хэрэглэвэл үр дүнтэй. Мөн сурагчид өөрсдийн хийж бүтээсэн, авчирсан зүйлээ бусдадаа үзүүлж, тайлбарлан ярьж, ярилцахыг энэ аргад хамаруулж болно. Монгол хэлний хичээлд үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг дараах зорилгоор хэрэглэдэг:

Ш Анхаарал төвлөрүүлэх

Ш Үзүүлж, харуулж таниулах

Ш Нэг зүйлийг бусдаас нь онцлон тэмдэглэх

Ш Нэмэлт болгох, дутаж байгаа зүйлийг нөхөх

Ш Хийсвэр ухагдахууныг бодитоор дамжуулан хүртэгдэхүйц болгох

Ш Идэвхжүүлэх

Тэрчлэн дидактикийн шаардлагын дагуу хийсэн үзүүлэн нь хүүхдийн сонирхол, сэдлийг бий болгох, харааны сэрлийг идэвхжүүлж, марталтыг багасгах, сэргээн санах тулгуур болдог. Монгол хэлний хичээлийн үзүүлэнг зөвхөн нэг тодорхой сэдвийг заахад зориулан хийхээс гадна хэд хэдэн сэдэв, бүлэг сэдвийг заахад хэрэглэж болохуйцаар өөр хоорондоо уялдаа бүхий агуулгатай, өргөн багтаамжтай, цогц байдлаар хийх нь илүү ач холбогдолтой.

Монгол хэлний хичээлд хэрэглэх үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг агуулга, хэлбэрийн хувьд:

Ш Бичмэл

Ш Зурагт

Ш Зураг, бичмэл хосолсон

Ш Хүснэгт

Ш Бүдүүвч

Ш Ялгах тэмдэгт

Ш Тарааж өгөх сургахзүйн үзүүлэн таниулах

Ш Сургалтын техник хэрэгсэлт буюу видео, аудио үзүүлэн гэх зэргээр ангилж болно.

Үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг хэрэглэх аргын хувьд:

Ш Жагсаан ба цувралаар үзүүлэх

Ш Дэлгэцийн аргаар үзүүлэх

Ш Тараан өгөх

Ш Сургалтын техник хэрэгсэл ашиглаж үзүүлэх

Ш Ажиглалт / байгалийн ажиглалт хийлгэж зохион бичлэг хийлгэх/ хийлгэх

Ш Сонсгох замаар үзүүлэх үзүүлэнгэж ангилж болно.

Жишээ: Кодоскопын слайд дээр бичсэн эх бичвэр үзүүлэнг:

· Үг,холбоо үг,өгүүлбэр үүсгэх, тэдгээрийн харьцааг үзүүлэхэд

· Эх бичвэрийн тогтолцоог мэдүүлэхэд

· Энгийн ба дэлгэрэнгүй өгүүлбэр,гол ба дэд гишүүдийг ойлгуулахад

· Шинжлэх ухааны болон хэрэглээний мэдлэгийн интеграци уялдааг тодорхой сэдэв дээр харуулах зэрэг хэд хэдэн зориулалтаар хэрэглэж болохуйцаар бодож хийх жишээтэй.

Багаар суралцах арга

Энэ нь хэсэгчилсэн эрэл хайгуул хийх бичил судалгааны арга юм. Энэ аргаар ажиллахын тулд ангийн сурагчдыг хэд хэдэн баг болгон хуваана. Ингэхдээ багш, сурагчдыг 4,4-өөрөө 1-4 хүртэл тоолохыг зөвлөнө. Дараа нь 1 гэсэн сурагчдыг 1 дүгээр баг, 2 гэсэн сурагч 2 дугаар баг г.мэтчилэн баг болгоно. Багуудыг ангийн 4н буланд зассан ширээнд суулгана. Дараа нь тодорхой сэдэв буюу ижил буюу өөр өөр даалгавар гүйцэтгүүлнэ. Багууд дотроо гишүүн бүрийнхээ санал бодлыг сонсох, түүнээс нэгдсэн ойлголт гаргах г.м-ээр үйл ажиллагаа явуулна. Жишээ нь: “Үгийн олон утга” сэдвийг үзэхэд энэ аргыг хэрэглэж болно. Үүний тулд 4 баг тус бүрт “Ой” гэдэг үгийн 5-6 утга, “татах” гэдэг үгийн 8-10 утга, “Морь” гэдэг үгийн 4 утга, “Алдах” гэдэг үгийн 5-6 утгыг тодорхойлох даалгавар өгч, түүнийгээ жишээгээр нотлон тайлбарлах даалгавар өгнө. Эдгээр даалгаврыг сурагчид багаараа хамтран ярилцаж, ажилласаны үр дүнд дараах нэгдсэн ойлголтод хүрэх ёстой.

Аливаа үг бол ихэвчлэн олон янзын утгатай байдаг. Тохиолдол бүрт үгийн утгыг тохируулан хэрэглэж чаддаг байх нь санаа бодлоо оновчтой, зөв, ойлгомжтой илэрийлэхэд чухал ач холбогдолтой.

Гэрийн даалгаварт ганц утгатай үг олж бичих даалгавар өгч дараагийн хичээл дээр ярилцах нь сайн бататгал болдог. Энэ аргыг хэрэглэсэнээр:

* Сурагчид /багийн гишүүд/ бие биеийнхээ арга туршлага, оюуны чадавхиас харилцан суралцах

* Мэдлэг, мэдээллээ хуваалцах

* Хамтран ажиллах арга барилд суралцах

* Хамтач үзэл санаа төлөвших

* Нэг сурагчийн мэдэж байгаа зүйл нь бусад /хамт олны/ сурагчийн мэдлэг, чадвар болж хөгжих

* Хамт /багаараа/-аараа хөгжих боломжийг бий болгох

* Судалгааны арга барил эзэмших

Нээлт хийх арга

Энэ арга нь эх хэлний сургалтын практикт хэрэглэж ирсэн асуудал шийдвэрлэн сургах аргатай төсөөтэй юм. Энэ аргыг монгол хэлний хичээлээр хэл шинжлэлийн ухааны онолын зарим ойлголт, дүрэм, ухагдахуун зэргийг заахад хэрэглэж болно. Сурагчид багшийн зөвлөн чиглүүлэх үйл ажиллаганы тусламжтайгаар өөрсдөө эрэл хайгуул, ажиглалт, туршилт хийж, өөртөө “нээлт” хийж, түүний үр дүнг биечлэн мэдэрч, ойлгож, өөрийн мэдлэг болгон авдагт энэ аргын онцлог оршино. Сурагч сурах бичигт буй бэлэн мэдээллийг ашиглах бус харин өөрийн үйл ажиллагааны дүнд шинэ нээлт хийх явдал нь тэдэнд мэдлэг, чадвар олоход илүү дөхөмтэй. Энэ хичээлээр сурагчид эдгээр үгийг юу гэж нэрлэдэг, эдгээр үгсийн утга, хэлзүйн онцлог, хаана, хэдийд хэрэглэдэг зэргийг бие дааж, “нээлт” хийх байдлаар мэдэж авдаг.

Энэ аргыг монголхэлний хичээлд хэрэглэсэнээр:

v Сурагч идэвхгүй сонсогч, бэлэн мэдээлэл хүлээн авагч биш, идэвхтэй суралцагч байх

v Сурагчдыг судалгаа, шинжилгээний арга барилд сургах

v Сурагчдын мэдлэг, чадвар бие даан эзэмших арга барилыг хөгжүүлэх

v Хэлшинжлэлийн дүрэм, ухагдахуун, хуулийн талаар өөрийн үзэл баримтлалтай болох

“чимэх үг” сэдэв дээр энэхүү аргыг хэрэглэвэл:

Багш эх бичвэрийг сурагчдад өгөөд зурж тэмдэглэсэн үгс дээр ажиглалт судалгаа хийх даалгавар өгөөд та нар энэ даалгаврыг гүйцэтгэсэнээр үгсийн аймагт багтах нэгэн төрөл үгсийн тухай мэдлэг олж авна гэдгийг хэлэх хэрэгтэй.

Нэгэн анчны тэмдэглэлээс

Ёох өдөржин тэнээд бүр ядарч гүйцлээ шүү. Яаж харъя даа. Агнах ан ч олдохгүй юм. Энэ гүвээний цаана нэг айл байдаг ч болоосой. Хүүш юу вэ?...гөрөөс байна шүү дээ. За байз, Яасхийгээд ойртъё доо хө. Мөлхөөд л дөхдөг юм билүү дээ. Ядахдаа энэ муу хөл даагдахаа ч больж шив?

Бүтээлч даалгаврын арга

Монгол хэлний хичээлээр хичээлийн бус цагаар гүйцэтгүүлэхээр ганцаарчлан буюу багчлан бие дааж тодорхой хугацаанд гүйцэтгэх даалгаврыг сурагчдад өгч болох юм. Энэ даалгавар нь тухайн сурагч, багийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн, хийх боломжтой байх нь чухал юм. Иймд даалгаврыг багш хийчээлийн жилээр анги, ангиар төлөвлөн жагсаалт байдлаар гаргадаг. Даалгаврыг багш санаачлахаас гадна сурагчдын саналд тулгуурлах нь түүний хэрэгжих боломжийг өргөжүүлнэ. Сурагчдад өөрсдийн саналаар багаа бүрдүүлэх боломж олгох талаар багш бодолцох нь зүйтэй. Багийг бүрдүүлэхдээ, сурагчдын оршин суух байрлал, тэдний санал, мэдлэг, туршлагын ялгаа, хамтарч ажиллах хүсэл сонирхол зэргийг харгалзах ёстой. Бүтээлч даалгаврыг хэрэгжүүлэхдээ сурагчид багшаас гадна хэнээс зөвлөгөө дэмжлэг авч болох талаар чиглэл өгөх нь ашигтай. Даалгаврын биелэлтэд багш хүүхэд бүрээр байнга хяналт тавьж, явцыг нь нийтэд графикаар мэдээлж, үе шатны зөвлөгөөгөөр хангаж ажиллах нь уг даалгаврыг бодитой биелэх боломж олгодог. Энэ аргыг хэрэглэсэнээр:

· Нэг сурагчийн мэдэж байгаа зүйл нь бусад /хамт олны/ сурагчийн мэдлэг, чадвар болж хөгжих

· Сурагчид бусад нөхөдтэйгөө мэдлэг, мэдээллээ хуваалцах

· Бие дааж суралцах арга барилд суралцах

· Ном, сурах бичиг, гарын авлагыг бие даан ашиглах чадвартай болох зэрэг олон талын ашигтай.

Энэ аргыг эчнээ болон зайн сургалтад хэрэглэхэд илүү тохиромжтой. Монгол хэлний багш нарын мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр ийм аргыг ашиглаж болно.

Буухиа санал / Тоглоомын арга /

1 дүгээр хувилбар

Тухайн шинэ сэдвийг үзэхийн өмнө энэ сэдвээр сурагчид юу мэдэж байгааг илрүүлэх, тэдгээр мэдлэг дээр нь тулгуурлан шинэ сэдвийн агуулгыг тодорхойлох, эсвэл сурагчдын мэдэж байгаа зүйл дээр нь тулгуурлан шинэ мэдээлэл өгөх байдлаар энэ аргыг хэрэглэдэг. Жишээлбэл: Тухайн нэг үзэх гэж байгаа бүлэг сэдвээр сурагчид юу мэдэж байгааг тодруулахдаа энэ аргыг тоглоомын хэлбэрээр ашиглаж болно. Ингэхдээ сурагчдыг тойруулан суулгаад бөмбөг шидэн хариулт авах байдлаар харилцана. Энэ тоглоом нь шинэ сэдэвтэй холбогдсон өмнөх мэдлэгийг сэргээж дуустал үргэлжлэх ёстой.

2 дугаар хувилбар

Бүлэг сэдэв үзэж дууссаны дараа түүнийг сэргээн бататгах зорилгоор энэ аргыг хэрэглэнэ. Багш сэдвийг зарласны дараа ангид хөгжим явж байна гэж саная. Сурагчид бөмбөгийг баруунаас зүүн тийш дамжуулж байна. Гэнэт хөгжим тасалдах үед хамгийн сүүлд бөмбөг барьж байсан сурагч багшийн асуултын дагуу хариулт өгнө. Цааш хөгжмийг үргэлжлүүлэн тавихад бөмбөгийг түрүүчийн чиглэлд дамжуулна. Энэ мэтчилэн үргэлжлүүлнэ.

Шоогоор хөтлөх зохион бичлэгийн арга

Энэ аргыг монгол хэлний хичээлээр хүүхдэд бүтээлчээр сэтгэж санаа бодлоо оновчтой илэрхийлэн бичих чадвар олгоход ашиглаж болно. Энэ аргыг ганцаарчлан болон багаар явуулж болно. Энд зургаан талт шоог ашиглах бөгөөд энэ үйл ажиллагаа дараах тодорхой дэсээр хийгдэнэ.

1. Тодорхойл

2. Харьцуул

3. Зүйрлэ

4. Задлан шинжил

5. Ашигла

6. Марга

Баг тус бүрээр ээлжээр шоо хаяж, түүний дээш харсан тал дээрх нүхний тоотой адилхан дугаар бүхий даалгаврыг сонгон авч гүйцэтгэдэг. Даалгавраа баг дотроо ярилцан хамтын оюун ухаанаар гүйцэтгэх бөгөөд эцсийн үр дүн нь багийнх болдог.

Шоогоор хөтлөх зохион бичлэгийн аргыг хэрэглэхэд дараах давуу талууд бий.

· Сурагчдын идэвхтэй оролцоог хангах

· Үг сонох, найруулах, бусдын санаа бодлыг сонсож сурах зэрэг олон дадлага ажлыг өөртөө багтаадаг.

· Хүүхдийн хэл, сэтгэхүй /сэтгэх, ярих, ойлгох, бичих /-н хөгжлийн нэгдмэл байдлыг хангах

· Үг сонгох, товч тодорхой найруулан бичих, санаагаа оновчтой, зөв илэрхийлж сурах

· Ярих, санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож сурах гэх мэт

Бүтээлч тэмдэглэлийн арга

Энэ аргыг 4-р ангид монгол хэлний хичээлээр үздэг “Харь хэлний үг” сэдэвт хичээлийн жишээгээр үзүүлье.

1 үе шат:

Харь хэлний үг гэж юуг хэлдэг вэ? Гэсэн асуултын хариу болгож сурагч бүр өөрийн мэдэх зүйлээ дэвтэртээ бичнэ. Энэ даалгаврыг сурагчид хоёр хоёроороо буюу баг болон хийж болно. Хугацаа нь 2 минут байна. Дараа нь багууд дотроо ярилцаж санал бодлоо нэгтгэн багийн хэмжээнд нэг ойлголт гаргаж ирнэ. Үүнийгээ бусад багуудад мэдээлнэ.

2 үе шат:

“Харь хэлнээс үг зээлдэх ёс” хэмээх эх бичвэрийг баг бүрт өгч уншуулна.

Харь хэлнээс үг зээлдэх ёс

Өөр хоорондоо хутгалдаагүй, тэр ч бүү хэл хоорондоо холбоо хэлхээ ч үгүй байсан хэлнүүд нь бие биендээ нөлөөлдөг байна. Энэ нөлөөлөл нь зээлдэх хэлбэрээр явагддаг. Зээлдэх гэдэг нь нэг хэлний үг, хэллэгийг нөгөө хэлэнд өвлөж, тэгэхдээ тэднийг уг хэлний зүй тогтлын дагуу өөрчлөн хувиргахыг хэлнэ. Бид өөрсдийнхөө хэл ярианд гадаад хэлний үгийг тэр хэвээр нь хэрэглэж болох бөгөөд энэ бол зээлдэж байгаа хэрэг биш юм. Харь хэлний үг хэллэгийг зээлдээгүй хэл гэж байдаггүй. Зээлдэх үйл явц нь төрөл бүрийн хэлбэрээр явагддаг. Харь хэлнээс үг, хэллэг зээлдэх үйл явц нь хоёр замаар явагддаг. Нэг нь, амаар зээлдэх буюу сонссон үгээ аялгууг нь өөрчлөн эх хэлнээ хэрэглэх аргаюм. Хоёрт ном судраар дамжуулан зээлдэх арга юм.

3 үе шат:

Уншсан эхээсээ өөрсдийн урьд нь мэдэж байсан зүйлийг доорх хүснэгтийн эхний нүдэнд, эхээс шинээр мэдэж авсан зүйлийг хоёрдох нүдэнд, ойлгохгүй буюу бусдаас асууж лавлах шаардлагатай гэсэн зүйлээ 3 дахь нүдэнд, харь хэлний үг гэж юу вэ? Асуултын хариуг 4дэх нүдэнд тус тус бичих даалгавар өгч сурагчдаар гүйцэтгүүлж болно.

“Төсөл”-т арга

Ийм арга нь сургуулийн өмнөх сургалтаас эхлээд докторантур хүртэл аль ч хэлбэрийн сургалтад хэрэглэж болох дэвшилтэт оролцооны аргын нэг хэлбэр юм. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ аргыг хэрэглэдэг. Сурагчдад монгол хэлний хичээлээр хөтөлбөрт мэдлэг, чадварыг онолыг нь шууд зааж хэлж өгөх замаар олгох, эсвэл суралцагчдын практик үйл ажиллагаанд тулгуурлан олгох хоёрын аль нь үр дүнтэй вэ? Гэвэл энэ хоёр арга нь өөр өөрийн эсрэг ба сөрөг талтай гэдэг нь ч ойлгомжтой. Хийсвэр онолыг шууд ойлгоно гэдэг бэрх байхаас гадна зөвхөн практик үйлээр эзэмшинэ гэхэд бас зайлшгүй мэдвэл зохих онолын мэдлэг дутагддаг. Дээрх хоёр аргыг хослуулах нэг хэлбэр бол төсөлт арга юм.

Энэ аргыг ихэвчлэн ахлах ангид хэрэглэвэл тохиромжтой. Багш хичээлийн жилийн эхэнд монгол хэлний хичээлээр төсөлт аргаар эзэмшиж болох сэдвийн жагсаалтыг гаргаж сурагчдад мэдээлэл болгож өгөөд сонирхож байгаа сэдвийнх нь ард “+” тэмдэг тавиулна. Сурагчдыг сонгож авсан сэдвээр нь бүлэглэн, хэн хэн нэг баг болж ажиллах хүсэлтэй байгаа талаарх саналыг нь сонсож ярилцсаны үндсэн дээр баг байгуулна. Нэг баг 2-4 сурагчтай байх нь зохимжтой байдаг. Нэг сэдвээр хэд хэдэн баг ажиллаж болно. Үүний дараа баг тус бүр төлийн ажлын зорилго, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц, гарах үр дүн, тайлагнах хэлбэр зэргээ тодорхойлно. Багш тусгай цаг гарган багуудын эдгээр бэлтгэл ажлын явцыг багуудтай хамтран сонсож, санал бодлыг нь солилцуулан хэрхэн ажиллах нэгдсэн чиглэлээ тодорхойлон үйл ажиллагааны төлөвлөгөө хийлгэнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн багууд хамтран ярилцана. Энэ бүхний дараа багууд төслийн ажлаа хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид төслийн ажлын явц, тохиолдож буй бэрхшээл, түүнийг хэрхэн давах талаар багууд харилцан санал солилцох, хамтран ажиллах, харилцан бие биедээ туслах зэрэг нь чөлөөтэй нээлттэй байх нь чухал. Төслийн ажлын эцсийн үр дүн нь тайлан буюу реферат хэлбэртэй байна. Төслийн ажлын эцсийн үр дүнд багууд хамтран үнэлгээ хийнэ. Төслийн ажлын тайлан буюу рефератад туссан мэдлэг, чадвар нь анги нийтийн мэдлэг, чадвар болсон байхыг эрхэмлэх нь чухал. Төслийн ажлыг гүйцэтгэх хугацаа нь хэт богино, эсвэл урт байж болохгүй.

Бодомжийн арга

Бодомж нь мэдлэгээ чөлөөт нөхцөлд сэргээн ашиглах боломжийг суралцагчдад олгоно. Бодомжийг монгол хэлний хичээлээр олон хэлбэрээр хийлгэж болно. Энэ нь нэг талаар логик сэтгэхүйн үйлийн үр дүн юм.

Бодомж-1

Үгсийн аймгийн анкет

Жинхэнэ нэр: Мөөг 1. Үзэгдэл юмсыг нэрлэнэ, 2. Тийн ялгалаар хувилна, 3. Хамаатуулахын нөхцөл авна, 4. Цаг заахгүй, 5. Үйл явдлыг заахгүй, 6. Ганц тоо,олон тоо заана

Үйл үг: Туув 1. Үйл явдал,байдлыг заана, 2. Үйлийн цагтөлөвийг заана, 3. Өгүүлбэрийн эцэст үйлийн эзний үйл байдлыг заана, 4. Тийн ялгалаар хувилахгүй, 5. Бусад үгийн утгыг хүч оруулах, сулруулах зэргээр өгүүлбэрт хэрэглэнэ гэх мэтээр сурагчдаар бүх үгсийн аймгийг үзсэний дараа ийнхүү үг өгч, “хэлзүйн анкет” бөглүүлнэ.

Бодомж-2

Захидал

Түүнчлэн “захидал” сэдэвт хичээлийг үзэхэд доорх дасгалыг сурагчдаар ажиглуулан дүгнэлт гаргуулвал захидлын хаягийг хэрхэн бичих тухай мэдлэгийг сурагчид үйл ажиллагааныхаа явцад олж мэдэх болно. Энчлэн хүүхдийн хэрэгцээ, идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурласан дадлага ажлыг монгол хэлний хичээлд өргөн ашиглах нь түүний сургалтын үр дүнг дээшлүүлэх чухал хэрэгсэл болдог. Энэ захидал /1,2,3/-ууд зохих эзэндээ хүрсэнгүй.

Ярианы арга

Багш, сурагчийн яриа хамтын шинжтэй, суралцагчийн яриа, тайлбар зонхилж байхыг чухалчилна. Энэ нь багшийн ба сурагчийн яриа гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Багшийн яриа нь:

1. Өгүүлэн ярих

-Хагас лекцийн яриа

-Лекц

2. Тайлбарлан ярих

3. Асуулга ба сэдлэг яриа

4. Харилцан яриа гэсэн бүрдэлтэй байна.

Өгүүлэн ярих нь тухайн сэдвийг заахдаа хэл бичгийн дүрэм, тодорхойлолт, баримт жишээ зэргийг тодорхой дэс дарааллаар мэдээлж хүүрнэн ярих байдлаар хэрэгжинэ. Ингэхдээ жишээ баримтыг ашиглан, гол зүйлээ задлан ярьж байгаад эцэст нь дүгнэх маягтай байна. Тайлбарлан ярихаас ялгаа нь нэг тодорхой асуудал буюу жишээн дээр сэдвээ эхнээс нь дуустал үргэлжлүүлэн ярьдаг бөгөөд суралцагчид явцад нь тэмдэглэх боломжтой байдаг.

Лекцийн яриа нь хэлний онолын мэдээллийг бүхэлд нь ярьж, суралцагчдад тэмдэглүүлэх байдлаар хэрэгждэг.

Хагас лекцийн яриа нь хэлний онолын буюу үзэгдлийн үүднээс дүгнэлт, тодорхойлолтыг дунд нь тайлбар яриа, асуулттайгаар сурагчдад багш хэлж бичүүлэх хэлбэртэй юм. Энэ аргыг 8-10 дугаар ангид хэрэглэхэд илүү зохистой байдаг.

Өгүүлэн ярих аргатай үзүүлэх аргыг зарим үед хослуулан хэрэглэж болно. Харин шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн аргатай хослуулахад илүү их цаг хугацаа шаарддаг сул талтай.

Тайлбарлан ярих ярианы онцлог нь монгол хэлний тухайн сэдвээр үзэж буй дүрэм, тодорхойлолт, жишээ, баримт бүрийн учир шалтгааныг үе үе хэсэгчлэн тайлбарлаж мөн чанарыг нь баталж нотлоход оршино. Тухайлбал,

· Эх бичвэрээс дүрэм тодорхойлолтоо хэлж өгөөд, яагаад ийм дүрэм, тодорхойлолт гарах болсныг жишээгээр нотлох

· Жишээ баримтыг эхэлж тайлбарлаад, үүнд чухам ямар зүй тогтол байна гэдгийг тайлбарлах зэрэг хэлбэр юм.

Тайлбарлан ярих аргатай үзүүлэх, шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн аргын аль алиныг хослуулан хэрэглэж болно.

Өгүүлэн ярих аргаар их хэмжээний болон суралцагчийн төсөөлж мэдэхгүй зүйлийг бэлнээр шууд мэдээлдэг. Тайлбарлан ярих аргаар тухайн сэдвийг учирзүйн талаас бага багаар нь хэсэгчлэн ухааруулдаг, арай бүтээлч шинжтэй юм. Энэ хоёр аргы зохистой, оновчтой зөв хэрэглэхгүй бол багш төвтэй сургалтын идэвхгүй мэдээлэх шинж давамгайлах сул талтай.

Асуулга-сэдлэг яриа нь суралцагчдаар тодорхой даалгавар гүйцэтгүүлэх, эсвэл тэдний оролцоонд тулгуурлан шинэ мэдлэг олгох үед, түүнчлэн суралцагчдын анхаарлыг сэдэвт төвлөрүүлэх, үзэх сэдвээр хэрэглээ үүсгэхэд хэрэглэж болох арга юм. Ийм яриаг суралцагчдын сонирхол, анхаарлыг уг үзэх, ярилцах зүйлрүү чиглүүлэх зорилгоор хэрэглэж ч болдог. Асуулга-сэдлэг яриа нь сурагч-сурагчийн хоорондох ярианы аргыг монгол хэлний сургалтад бид суралцагч төвтэй сургалтыг дагуулан шинээр оруулж ирж буй хэлбэр юм.

Харилцан ярилцах арга нь багш-сурагч, сурагч-багш, сурагч-сурагч хоорондоо ярилцаж хэлэлцэх, зөвшилцөх зарчмаар хэрэгждэг. Их өргөн хүрээтэй, суралцагч төвтэй сургалтад харьцангуй их хэрэглэгддэг арга юм. Багш төвтэй сургалтын үед багш сурагчийн хоорондын харилцан яриаг гол болгодог бол суралцагч төвтэй сургалтын үед сурагч-сурагч, сурагч-багш хоорондын харилцан ярианы аль аль нь байх ёстой гэж үздэг. Харилцан яриаг өдөөгч нь багш биш, суралцагч байдаг. Сурагчийн яриа багшийнхаас дутуугүй ач холбогдолтой. Орчин үеийн монгол хэлний хичээлд сурагчийн яриаг эрхэмлэж, яриа нь бусдыг сонсож сурах, санаа бодлоо оновчтой зөв илэрхийлэх, өөрийн мэдлэгийг илрүүлэх, нөхөдтэйгээ мэдсэн, сурсанаа хуваалцах чухал хэрэгсэл болдог. Сурагчийн яриа нь өгүүлэн ярих, тайлбарлан ярих, асуулга-сэдлэг байдлаар ярих, харилцан ярих, өөртөө ярих гэх мэт хэлбэртэй байж болно.

Харилцан ярианы аргыг хэрэглэх тохиолдолд зорилго, урьдчилан боловсруулсан төлөвлөгөө, ярилцаад гаргах эцсийн шийдвэр тодорхой байх нь чухал. Харилцан ярианы арга нь “ асуулт-хариулт-санал бодол-түүнийг шүүж ярилцах-дүгнэлт” гэсэн хэсгүүдтэй байна. Бүхэл бүтэн 40 минутын турш харилцан ярилцах замаар мэдлэг олж авна гэвэл өрөөсгөл болно. Тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог, мэдлэг, туршлагын төвшин, хичээлийн зорилго, цаг хугацаатай уялдаатайгаар зохих хэмжээ хязгаартай, зорилготой байх хэрэгтэй. Харилцан яриа нь 5-6-р ангид 7-10 минут, 7-10-р ангид 10-20 минутаас хэтрэхгүй байвал илүү оновчтой. Харилцан яриа нь ямар материал дээр үндэслэснээс хамаарч:

· Багшийн, эсвэл сурагчийн хэн нэгний хэлснийг сонсоод ярилцах

· Үзүүлэн таниулах зэрэг ямар нэг тулгуур материал дээр суурилж ярилцах

· Өөрсдөө хийж гүйцэтгээд /дасгал ажиллаж/ түүндээ тулгуурлаж ярилцах

· Хийсвэрээр сэтгээд түүнийгээ ургуулан амьдруулж, дүгнэж, нотолж ярих зэрэг хэв шинжтэй байж болно.

Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга

Энэ нь монгол хэлний хичээлийн хүүхдийн бие даасан үйл, үзэл санаа, логик сэтгэлгээг хөгжүүлэх давуу талтай. Энэ арга нь тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замаараа хоёр янз байна.

Хэсэгчилсэн эрлийн арга: Энэ нь тухайн сэдвээр тулгарсан асуудлын тодорхой хэсгийг сурагчдад бие дааж, эсвэл хоёр гурваараа нийлэн баг болж харилцан зөвлөлдөж “нээж олох”, багаараа уг асуудлыг бие дааж шийдвэрлэх, төсөл боловсруулах зэрэг хэлбэртэй байж болно.

Судалгаа шинжилгээний арга: Энэ нь хэлний тодорхой асуудлыг өөрсдийн мэдлэг, туршлагад тулгуурлан тал бүрээс нь авч үзэх судлах замаар шийдвэрлэх арга юм. Энэ арга нь суралцагч бие дааж мэдлэг, чадвар олж авах арга барил эзэмших, ухаан задлах ач холбогдолтой.

Хэсэгчилсэн эрлийн аргыг эзэмшсэн сурагч судалгаа шинжилгээний аргыг хялбархан эзэмшдэг. Хэсэгчилсэн эрлийн аргыг тодорхой зүйлийг судлахад, судалгаа шинжилгээний аргыг бүхэл бүтэн сэдвийг нарийвчлан олон талаас нь иж бүрэн судлахад тус тус хэрэглэдэг. Энэ арга нь хүүхэд төвтэй сургалтын идэвхтэй технологын нэг хэлбэр мөн. Яагаад гэвэл, энэ арга хүүхдээс их хэмжээний идэвх санаачлага, бие дааж ажиллахыг шаарддаг. Энэ аргыг 1970-1980-аад онд “Сургалтын асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга” гэдэг нэрээр хэрэглэж байсан. Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга нь зүгээр нэг хэл бичгийн дасгал ажиллуулахаас ялгаатай. Хэлний тодорхой үзэгдэл, зүй тогтол, дүрмийн учир шалтгааныг олж танихын тулд уг зүйлд анализ хийнэ, олон жишээ баримтыг харьцуулж үзнэ. Оюун дүгнэлт хийх арга барилыг хүүхэд сурч эзэмшсэн байх шаардлагатай. Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга нь энэ мэт танин мэдэх сэтгэлгээний олон арга барилыг суралцагчдад олгодгоороо бүтээлч юм. Энэ арга нь анализ-синтез хийхтэй заавал хосолж байдаг. Анализ-синтез нь хэлний дасгал ажиллах, ярих, үзүүлэх бүхий л ажилд задлан шинжилгээ хийх ба ингэснээр хэлний үзэгдлийн чухал шинжийг олж харах, төсөө, ялгааг танихад ач холбогдолтой. Задлан шинжлэх нь анализ, түүн дээрээ түшиглэж нэгдсэн дүгнэлт гаргах нь синтез юм.

Монгол хэлний сургалт дахь дэвшилтэт оролцооны арга

Монгол хэлний сургалтын үйл явцад багш, сурагчид хамтран ажилласанаар амжилтал хүрэх нь дэвшилтэт оролцооны аргын гол шинж юм. Дэвшилтэт оролцооны аргын гол зорилго нь эрдэм мэдлэг, дадлага чадвар эзэмших, эзэмшүүлэх үйл явцад өргөн оролцох боломжийг сурагчдад нээж өгөх явдал юм. Дэвшилтэт оролцооны арга технологи нь өрнөдийн хөгжилтэй орнуудын сургалтад өргөн нэвтэрсэн байдаг. Ийм аргуудаас заримыг дурдвал, хосоор суралцах, цагариган диаграмм, бөмбөг шилжүүлэх, оюуны дайралт, давхар хандлага, бүтээлч тэмдэглэгээ, төлөвлөгөөт бичлэг, шоогоор хөтлөх, ээлжлэн давтах, Т хүснэгт, буухиа бичлэг, гурван М, нээлт хийх зэрэг олон аргыг нэрлэж болно. Монгол хэлний хичээлийн жишээн дээр дэвшилтэт оролцооны арга болон сургалтын уламжлалт аргыг хэрэглэх үед багш ямар үүрэг гүйцэтгэдгийг харьцуулан авч үзье.

Монгол хэлний хичээлийг оролцооны аргаар заахын тулд багш сургалтын дараах хэлбэрүүдийг ашиглавал үр дүн сайн байх магадлал ихтэй:

ь Багаар зохион байгуулах

ь Семинарын хичээл

ь Хэлэлцүүлэг ба мэдээлэл солилцох хичээл

ь Шийдвэрлэх асуудалд тулгуурласан хичээл

ь Сурагчдыг дүрд тоглуулах

ь Сурагчдын бие даасан ажил

ь Бүтээлч даалгавар

ь Ангийн музей байгуулах

ь Тайлант хичээл

ь Дасгал ажиллах

ь Төслийн ажил гэх мэт

Хамтаар ажиллах үйл явцад сурагчдын бүтээлч оролцоог идэвхжүүлэн дэмжих нь багшийн гол үүрэг байх бөгөөд үүнийг багшийн зөвлөн дэмжих үйл гэж болно. Дэвшилтэт оролцооны арга нь харилцан хамааралтай дараах үнэт зүйлд тулгуурладаг ажээ:

1. Оролцоо. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь өнөөдрийн хичээл үр дүнтэй болоход ямар нэгэн хувь нэмэр оруулах боломж сурагч бүрт бий гэдгийг мэдэж байдаг. Сурагч бүрийг хичээлийн туршид идэвхтэй оролцуулж байдаг.

2. Багаар ажиллах. Хичээлийн зорилгодоо хамгийн үр нөлөөтэй, үр ашигтай, хэмнэлттэй арга замаар хүрэхэд баг бүрийн хүч чармайлт хэрэгтэй гэж идэвхжүүлэн зөвлөгч багш үздэг байна. Багуудын хамтын ажиллагаа нь нийт ангийн хэмжээнд хамтын оюунаараа мэдлэг, чадвар бий болгох сэтгэлгээ төлөвшихөд тус болно.

3. Бүтээлч байдал. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь нийт сурагчид чин сэтгэлээсээ бодож, толгойгоороо мэдрэхийг хөхүүлэн дэмжиж байдаг.

4. Зөвшилцөл. Идэвхжүүлэн зөвлөгч багшийн гол зорилго нь тухайн ангийн бүх сурагчид хүлээн зөвшөөрсөн нэг ойлголтод хүрсэн байх явдал юм.

5. Тусгал. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь тухайн хичээлээр анги нийтээрээ хүрсэн нэгдсэн ойлголтод сурагч бүрийн санал туссан бөгөөд хамтаараа баг болж ажилласны үнэ цэнэ, ач холбогдлыг үнэлэх цаг хугацааг сурагчдад олгоно.

6. Үйл ажиллагаа. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь тухайн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бататгах, түүнийг ашиглан шинэ мэдлэг, чадвар олж авах үйлийг нь чиглүүлж өгөх ёстой.

Монгол хэлний хичээлийн явцад сурагчдын идэвхтэй оролцоог хангахын тулд багш:

Ш Сурагчдын санаа бодлыг нь хүлээцтэй сонсдог байх

Ш Хэлсэн санааг нь хүлээн авч урамшуулдаг байх

Ш Сурагчдын хэлсэн санааг самбарт бичих

Ш Сурагчийн хэлбэн санааг нэрийг нь дурдан иш татах

Ш Сурагч өөрийнхөө туршлагаас жишээ татан хэлэхийг хүсэх

Ш Сурагчийн санаа бодолд зөв, буруу гэж үнэлж дүгнэхээс аль болохоор зайлсхийх

Ш Багш тухайн сэдвээр өөрийн санаа бодлыг сурагчидтай солилцож хуваалцах

Ш Багш алдаатай зүйл хэлсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх

Ш Сурагч сайн хариулсан бол түүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэх

Ш Өгсөн даалгавраа хэрхэн хийх талаар тодорхой зөвлөгөө өгөх зэрэг арга барилыг хэрэглэх нь үр дүнтэй.

Оюуны дайралтын арга

Энэ аргын гол зорилго нь монгол хэлний хичээлээр тухайн сэдэвтэй холбогдсон олон санаа бодлыг цуглуулах, тухайн асуудлаар хувь сурагчийн санаа бодлыг нээн гаргах, багаар ажилласнаар хувь сурагчийн санаа бодол, мэдлэг чадварыг багийнх, багийнхийг анги хамт олных болгоход оршино. Энэ нь хүүхдийн мэдлэг, чадварт тулгуурлан тухайн сэдвээр олгох шинэ мэдлэгийг сурагчид эзэмших ач холбогдолтой. Энэ аргын өөр нэг ач холбогдол нь шинэ мэдлэг, чадвар эзэмших үйл явцад нийт сурагчид өөрсдөө биечлэн оролцож, хамтын оюун ухаанаар нэг шийдэл, нэгдсэн ойлголтод хүрдэгт оршино.

Багаар ажиллавал:

1. Баг дотроо сурагч бүр саналаа ээлжлэн хэлнэ. Тэдний хэлсэн санаануудыг сурагч бүр тэмдэглэн авах юм. Дараа нь баг дотроо ярилцана. Эсвэл, санаануудыг нэг сурагч дагнан тусгай өнгийн цаасан дээр бичиж болно. Ингэснээр хувь сурагчийн гаргасан санаа бодол, мэдлэг чадвар нь багийнх, багийнх нь анги хамт олных болох нөхцөл бүрдэнэ. Үүнийг оюуны дайралт хэмээн нэрлэдэг.

2. Багуудын гаргасан санаануудыг бүгдийг самбарт бичнэ. Эсвэл, өнгийн цаасан дээр бичсэн бол бүгдийг самбарт наана. Дараа нь тэдгээрийг төрөлжүүлж, ижил төстэй санаануудыг цуглуулж багцална. Баг бүрийн гаргасан санаануудыг хэлэлцэх замаар

3. багцална. Сурагчдын анхаарлыг сэдвийн агуулга дээр хандуулах ёстой. Үүнийг багцлах гэнэ. Дараа нь хамгийн гол, чухлыг нь салгаж багцална.

4. Багана тус бүрийн ерөнхий агуулгыг тусгаж гарчиг өгнө. Тухайлбал, “эсрэг утгатай үг", “ойролцоо утгатай үг” гэх мэт. Гарчиг нь богинохон, агуулгыг товч тодорхой тусгасан байвал зохино.

5. Хоорондын хамаарал ба дэс дарааг тогтооно. Тухайлбал, “орон байр заасан”, зүг чиг заасан” гэх мэт. Багц бүрийн агуулгын харилцаа холыоог тогтоож, логик дэс дараалалд оруулах нь чухал. Үүний гарчиглах гэнэ.

6. Гарчигласан гол санаанууд дээр тогтон ярилцаж нэгдсэн шийдэл буюу ойлголтод хүрнэ. Тухайлбал, ойролцоо ба эсрэг утгатай үгсийн тухай тодорхойлолт бичих үйл байж болно. Ингэснээр шинэ хичээлийн жилийн агуулга нь анги хамт олны мэдлэг, чадвар болно. Үүнийг тусгах гэнэ. Энэ бүхнээс үзэхэд оюуны дайралтын аргыг хэрэглэх нь дараах гол үе шаттай байна:

1. Суурь нөхцөл бий болгох /хэлэлцэх асуудлаа танилцуулах, яаж ажиллах талаар тайлбарлах, идэвхтэй оролцохыг уриалах, багаар ажиллах байдлаар суудлаа засах гэх мэт/,

2. Оюуны дайралт хийх /сурагчид нэг бүрээр, багаар, анги багуудад хуваагдах, нийтээрээ санаа дэвшүүлэн гаргах, саналаа хуваалцаж ярилцах/,

3. Багцлах /шинэ харилцаа үүсгэх/,

4. Гарчиглах /ямар нэг хэмжээгээр ямар гарчиг өгөхөө сурагчид зөвшилцөх/,

5. Тусгах /ярилцсан сэдвээ шинэ мэдлэг, чадвар болгох, бататгах/,

Оюуны дайралтын аргыг хэрэглэснээр амжилтанд хүрэх үндэс нь:

* Багуул бүтээлч, хариуцлагатай, санаачлагатай, идэвхтэй, сонирхолтой, зорилгодоо чиглэсэн байх

* Бүх сурагчид идэвхтэй оролцох

* Энгийн хөгжилтэй, чөлөтэй сэтгэх боломжтой байх

* Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө

* Нэгдсэн ойлголт, нөхөрсөг уур амьсгал зэрэг болно.

Оюуны дайралт хийх арга нь дараах үе шаттай байна.

* Сурагч бүр санал бодлоо нэмэрлэнэ.

* Гарсан санал бодлуудыг хэлэлцэж, оновчтой, сайн гэж үзсэнээ сонгож авна.

* Саналаа бусдадаа хэлнэ.

Энэ аргын давуу тал:

* Шинэ санаа, бүтээлч байдал бий болгоно

* Сурагчид мэдлэг, чадвар эзэмших үйлдээ хамтын үүрэг хариуцлага хүлээнэ

* Харилцан санаа бодлоо солилцож, мэдлэг, чадвараа хуваалцана

* Бодит зөвшилцөлд хүрэхэд суралцана

* Эрч хүч, хамтын идэвхтэй байдал зэргийг бий болгодог.

Уншигчдын семинарын арга

Семинарын зорилго нь: Хичээлээр зөвхөн сурах бичиг л унших бус өөр өөр төрөл зүйлийн материалыг уншиж болно гэдгийг мэдрүүлэх, хүүхдийг насанд хүрэгчид шиг уншигч, номын сайн нөхөр болгоход тусална. Семинарыг тогтмол өдөр хийх нь чухал. Тухайлбал сард буюу 14 хоногт нэг удаа ч юмуу. Энэ өдөр багш, хүүхдүүд бусдад уншуулах хамгийн сонирхолтой / шинэ байвал сайн/ ном зохиол, шинжлэх ухааны мэдээлэлтэй сонин, сэтгүүл гэх мэт зүйлийг гэрээсээ болон номын сангаас авчран ширээн дээгүүр дэлгэн тавьсан байна.

Хичээлийн бүтэц нь:

1. Бэсрэг хичээл 5 минут-Энэ үед багш сурагчдад уншлагатай холбоотой заавар зөвлөгөө өгнө.

2. Уншлагын цаг 20 минут-Сурагчид унших зүйлээ чөлөөтэй сонгон авч уншина. Тэдэнд хэн ч саад болохгүй байх нь чухал.

3. Хэлэлцэх, ярилцах 10 минут-Уншсан зүйлийнхээ тухай бие биедээ ярих. Гэхдээ юу нь таалагдав эсвэл таалагдаагүй эсэх, яагаад ингэж үзэх болсон тухайгаа, хэрвээ ярилцагч дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл бүгдийг нь ярьж болно.

4. Санал бодлоо илэрхийлэх 5 минут-Уншсан зүйлээ зургаар, этюдээр, тулгуур схемээр, зөвлөгөө өгөх, захидал бичих зэргээр энэ талаар саналаа илэрхийлж болно. Унших явцад тэмдэглэл хөтлөх явдал чухал байдаг. Тэмдэглэл хөтлөх олон арга байна.

а/ Карт бөглөх арга

* Номын нэр

* Зохиогч

* Агуулга: 50-100 үгэнд товч гаргах

* Жишээ: хамгийн сонирхолтой хэсгийн хуудасны дугаар

б/ Уран зохиолын захиа. Уншсан зүйл дээрээ үндэслэн нэг нөгөөдөө зөвлөгөө өгөх, сонирхуулах журмаар захиа бичиж болно.

в/ Зурагт карт ашиглах

Сонирхолтой сэдэв номыг уншуулъя гэвэл энэ тэмдэглэлийг ашигла. Бичгийн цаасны голд зургийг наагаад түүний эргэн тойронд хамгийн сонирхолтой, гайхмаар тоо, үгийг тулгуур дохионы аргаар тэмдэглэ. Дор нь ямар ном, сонин сэтгүүлийн дугаарт буйг бич.

г/ Зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх

Уншсан зүйлийнхээ хамгийн гол, сэтгэл хөдөлгөсөн зүйл, түүнийг яагаад ингэж үзэх болсоноо хүснэгтэд оруулан бичих

ь Зохиолоос авсан ишлэл

ь Таны бодол санаа

Бодох, хамтрах, хуваалцах арга

Энэ аргыг судалж буй зүйлийнхээ агуулга, чанарыг хэрхэн яаж үнэлэх, шалгуурыг гаргах үед хэрэглэх нь илүү тохиромжтой. Энэ аргаар заахад судалж буй зүйлийнхээ тухай

v Хувь хүн бүр дотроо бодон хамгийн чухал гэсэн 2 санааг бичнэ.

v 2,2-оор хамтран ярилцаж дээрхийн адил 2 саналыг сонгож авна.

v 6,6-аар групп болон санал бодлоо чөлөөтэй хуваалцаж хамгийн чухал 4 санааг сонгон 4 цаасан дээр 1,1-ээр бичин түүнийгээ группууд хянаад байрлуулна.

v Анги нийтээр бүх саналуудыг уншин хамгийн чухал гэсэн 2 санаан дээр өнгийн пламастраар . тавина. Энэ үед хэн нэгэнтэй санал солилцохгүй.

v Багш тэдгээрээс . тавигдаагүй саналыг буцаан авч, давхацсан санааг нэгтгэн хамгийн олон оноо авсанаар нь жагсаан байрлуулна.

v Дээрх үзүүлэлтээс групп бүрд 1-2-ыг өгч, түүнийг хэрхэн үнэлэх шалгуурыг хамтран гаргуулна.

Энэхүү арга нь сурагчдын хамтач бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх, асуудлыг нухацтай авч үзэх аргад суралцуулах сайн талтай. Ж.нь: Багш бүхэн сурагчдаар янз бүрийн бичгийн ажлыг хийлгэдэг. Бичгийн ажлыг бүтээлчээр хийлгэх нь сайн зохиогч төдийгүй сайн төлөвлөгчийг бэлтгэдэг тул ихээхэн ач холбогдолтой. Иимд хүүхэд бүхэн зохиогч байх ёстой гэж үзэн дараах агуулгыг дээрх аргаар гүйцэтгэе. Багш 2 асуудал тавина.

Ш Зохиогчид тавих шаарлага

Ш Бичгийн ажилд тавих шаардлага

Дээрх шаардлагад юу юу орох тухайг:

* 1,1-ээр бод

* 2,2-оор ярилц

* 6,6-аар саналаа хуваалц

* Анги нийтээр хэлэлцэн саналд сонголт хий.

* Багш саналыг цэгцэл

* Шаардлагуудаас групп бүрд 2-ыг өгч түүнийг үнэлэх шалгуурыг хамтран ярилцаж гаргана. Эцэст нь энэхүү сурагчдын хийсэн шаардлага болон шалгуур үзүүлэлт нь тэдний бичгийн ажлыг үнэлэх шалгуур болгон ашиглаж болно. ҮлгэрлэвэлБагш саналыг цэгцэл

* Шаардлагуудаас групп бүрд 2-ыг өгч түүнийг үнэлэх шалгуурыг хамтран ярилцаж гаргана. Эцэст нь энэхүү сурагчдын хийсэн шаардлага болон шалгуур үзүүлэлт нь тэдний бичгийн ажлыг үнэлэх шалгуур болгон ашиглаж болно. Үлгэрлэвэл:

Зохиогчид тавих / сурагчид/ шаардлага

Бичгийн ажилд тавих шаардлага

1. Өргөн мэдлэгтэй байх

Агуулгын голыг бүрэн гүйцэд гаргах

2. Цаг үе орчноо мэдрэх чадвартай

Оновчтой, товч цэгцтэй

3. Асуудлыг олон талаас харах

Зохиолын төгсгөлийг асуудал

дэвшүүлсэн байх

4. Ажиглагч, эрэл хайлт хийдэг

Агуулга нэр хоёр зохицсон

5. Логиктой сэтгэх чадвартай г.м

Эхлэл нь уншигчдын сонирхол татахуйц г.м

Групп “Асуудлыг олон талаас харах” шаардлагыг үнэлэх шалгуур нь:

ь Асуудлыг эерэг талаас авч үзсэн эсэх

ь Асуудлыг сөрөг талаас авч үзсэн эсэх

ь Асуудлын талаар янз бүрийн түвшний хүмүүсийн байр суурь

ь Өөрөө түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн эсэх гэх мэт

Хамгийн гол нь сурагчид хамтран ажиллаж эцсийн шийдвэрт хүрэх нь чухал. Энэхүү ажлын үр дүнг ангид томоор бичиж байрлуул. Учир нь бичгийн ажил хийх бүрдээ сурагчид түүнийг хатуу баримтлах юм.

Дүрд тоглох арга

Дүрд тоглох гэдэг нь сурагчид өөр хүний дүрд хувилж ажиллах ажиллагаа юм. Дүрд тоглох сурагчдад гол төлөв эхлээд дуусгах нөхцөл өгч тэд шийдвэр гаргах, маргааныг таслах дүгнэлтэнд хүрэх ёстой.

Зорилго: Үндсэндээ дүрд тоглох нь сурагчдын хувьд бусдыг ойлгох, сэтгэл санаагаа хуваалцахад чиглэгдэнэ. Өөр нэг хүний дүрд ажилласнаар бусад хүмүүс юу бодож, сэтгэж, мэдэрч байгааг илүү хялбар олж харах болно.

Журам:

1. Дүрд тоглох нөхцөлийг сонгох нь

Зарим нөхцөлд гарцаагүй дүрд тоглох аргыг хэрэглэх шаардлага гардаг. Ж.нь: Маргаантай асуудлыг шийдэх юм уу ямар нэг хоёр талтай асуудлын нэгийг сонгох үе гарна. Дүрд тоглох нь сурагчийн ярилцах, хэлэлцэх, судалгаа хийх, зуучлах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд тустай.

2. Бэлтгэл ба дасгал

Сурагчид нөхцөл байдал болон асуудлаа эсвэл дүрийнхээ зааварчилгааг хэлсэн байх ёстой. Хэрвээ дүрд тоглохдоо шинэ ангид орох бол дасгал сургууль юмуу танилцах ажиллагаа өмнө нь хийвэл зохино. Сурагчид удаан хугацаагаар уулзаагүй найзтайгаа уулзаж байгаа хүн ямар байдалтай байдгийг дүрээрээ гаргана.

3. Оролцогчдыг сонгох нь

Сурагч бүр дүрээ өөрөө товлон авч эсвэл багш өгч болно. Дүрд тоглогчид нь ангийнхнийхаа өмнө үзүүлэх эсвэл ангидаа жижиг бүлгүүд болж хуваагдан нэг нь нөгөөдөө үзүүлж болно. Хамгийн гол нь дүрд тоглогчид бие биендээ юу шаардлагатай байгааг мэдэж байх ёстой. Мөн бүх тоглогчид тухайн дүрэмдээ зохих хувь нэмрээ оруулах боломжоор хангагдсан байхаар үйл явдал зохиогдсон байвал тустай байх болно. Тоглолтонд оролцохгүй байгаа хэсэг нь тухайн тоглолтыг ажиглан харна. Тэд оролцогчдын үйлдлийг шүүн тунгааж тоглолтонд нь дүгнэлт өгнө. Үнэлэн дүгнэх нь оролцогчдод болон ажиглагчдад тоглолтыг задлан шинжилж хэлэлцэх боломж олгоно.

Газар орноо судлах арга

Ардчиллын судалгааг газар сайгүй өргөнөөр явуулах боломж байдаг. Энэхүү боломжийг хоёр хэлбэрээр ашиглаж байна. Үүнд: туршлагатай хүнийг ангид урьж авчрах, эсвэл ангиасаа гарч судлах аялал хийж болох юм.

Зорилго: Сурагчийн дадлагын ажлын болон туршлагатай хүмүүсээс суралцах нь тэдний хувьд аль нь ч ном сурах бичгээс олж мэдэх боломжгүй олон янзын мэдээлэл материал туршлага олж авна.

Туршлагатай хүмүүсээс суралцах

Туршлагатай хүнийг сонгох хичээлийн төрөл болон зорилгоос хамаараад ангид урих туршлагатай хүмүүс янз бүрийн ажил мэргэжлийн байдаг.

Илтгэгч болон хичээлдээ бэлтгэх

Гадны илтгэгчийг дээд зэргээр ашиглахын тулд тодорхой төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй болно. Тухайлбал багшийн зүгээс удирдан зохион байгуулах ажлыг нарийн гүйцэтгэ. Хичээлд илтгэгч болон анги хоёул бэлтгэгдсэн байх ёстой. Уригдсан хүнд хичээлийн зорилгоо тодорхойлж хэлж өгөхийн зэрэгцээ сурагчдын боловсрол мэдлэг, нийгмийн байдлын талаар болон ангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн байна. Гол нь уригдан ирсэн туршлага бүхий хүний заах зүйл хичээлийн зорилготой нийцэж байх ёстойг хэлнэ. Тухайн хүний сэдвийн талаар товч судалгаа хийж асуух асуултынхаа жагсаалтыг гаргах ба түүнийгээ бичгээр бэлтгэх нь илүүтэй байх болно.

Хичээл явуулах

Гаднаас уригдсан туршлага бүхий хүмүүс сэдвийнхээ дагуу товч ярих, эсвэл лекц явуулж сурагчдын тавьсан асуултад хариулна.

Санал хураалтын арга

Энэ нь хэлэлцэж байгаа зүйлийнхээ талаар сурагчид саналаа илэрхийлэх боломжийг өргөтгөж байгаа юм. Үүний тулд урьдчилан бэлтгэсэн олон хариултаас /ж.нь бүрэн зөвшөөрч байна, зөвшөөрч байна, шийдээгүй байна, зөвшөөрөхгүй, ерөөсөө зөвшөөрөхгүй / өөрийн бодолтой тохирох хариултан дээр саналаа өгнө гэсэн үг юм. Санал хураалт нь ангид маргаан өрнүүлэх сэдэл үүсгэдэг, сурагчдын эрхэмлэдэг зүйлс, хандлага, итгэл үнэмшлийн талаар багшид мэдээлэл болно. Түүнчлэн хичээлийн дүнд гарч буй өөрчлөлт, хандлагыг үнэлэхэд хэрэглэж болно.

Санал хураалт явуулахад хүн бүр зөвхөн өөрийнхөө саналыг илэрхийлэхийг анхааруулах хэрэгтэй. Дараа нь хэн ямар саналтай байгааг тогтооно. Үүний тулд зүгээр л гар өргүүлчихэж болно. Ж.нь: Хичнээн хүн эхний дүгнэлтийг бүрэн дэмжиж байна вэ. Эцэст нь сурагчид яагаад ийм санал өгсөнөө тайлбарлаж, мөн эсрэг санал өгсөн хүмүүсээ сонгоно. Эсрэг санал гараагүй тохиолдолд багш өөр ямар санал байж болох, түүний үндэслэл юу байж болохыг асуух хэрэгтэй. Багш сурагчдын итгэл үнэмшил хэр бат болохыг шалгахын тулд зарчмын хувьд ижил зүйлүүдийг янз бүрийн байдлаар асууж болно.Ярилцаж буй зүйлтэйгээ холбогдох жишээн дээр ажиллуулсаны дараа энэхүү санал хураах аргыг хэрэглэж ч болох юм.

Эрэмбэ тогтоох дасгалууд

Сурагчдын итгэл үнэмшилд дүн шинжилгээ хийж хэлэлцэх өөр нэг арга бол эрэмблэх арга юм. Ингэж эрэмблэхийн тулд байж болох олон хувилбаруудаас сонголт хийнэ. Ж.нь: ардчиллын үед төрийн албан хаагчдын эрх мэдлээ ашиглаж болох тохиолдлуудыг хамгийн ноцтойгоос нь жижиг зөрчлийн шинжтэй хүртэл нь зэрэглэн дугаарлах даалгавар өгч болох юм. Энэ аргын өр нэг хэлбэр сурагчдаар тодорхой дүгнэлт, үзэл баримтлалын талаар санал бодлыг нь жагсаан бичүүлэх явдал болно. Жишээлбэл өмчийг улсын болгох /нийгэмчлэх/ талаар сурагчдын бодол саналыг бүрэн дэмжиж байна гэдгээс эхлээд бүрэн эсэргүүцэж байна гэдэг хүртэл эрэмблэн бичүүлж болно. Үүнийхээ дараа сурагчид эрэмбэ тогтоосон үндэслэлээ нотлох ёстой бөгөөд хэрэв өөр саналтай хүн байвал тэдний тайлбарыг сонсож, тогтоосон эрэмбээ дахин хянаж үзэх хэрэгтэй.

Төсөөлөх арга

Энэ арга нь дутуу эхлээд орхисон санааг сурагчдаар гүйцээлгэхэд чиглэнэ. Жишээлбэл сурагчдад дараах санааг гүйцээх даалгавар өгч болно.

Ш Ядуурлаас гарах хамгийн найдвартай арга зам бол...

Ш Хэрвээ би бизнесмен байсан бол...

Ш Тэнэмэл хүүхдийн асуудлыг хоосон яриад байх нь ашиггүй, харин...

Ш Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол...

Ш Улсын ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол...

Ш Миний бодлоор дарангуйлагч гэдэг нь...

Мөн нэр, тайлбаргүй гэрэл зураг, шог зурагт гарчиг өгөх, эсвэл дуусаагүй өгүүллийг гүйцээж бичих зэрэг даалгавар өгч болно.

Бүтээлийн сан” ажиллуулах арга

Сургалтын идэвхтэй аргыг бүтээлчээр хэрэглэх явцад хүүхэд бүхэн бие даан илтгэл, эссе, реферат, зохион бичлэг, бяцхан ном, шүлэг, зураг, оньсого таавар, хошин бодлого, шинэ загвар гээд олон төрлийн оюуны бүтээл гаргадаг.

Багш сурагч бүрд бүтээлийн сангийн хавтас нээж, дээрх материалыг цэгцлэн хийж үргэлж арвижуулан улмаар улирал бүрийн эцэст багш, эцэг эх, сурагчдын дунд бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлах, нөгөөгөөр сурагчийн ном гаргах, анги ахих тутам баяжуулсаар 10 жилээ төгсөхөд нь хамгийн бүтээлч сурагчийн “Бүтээлийн сан”-г сургуулийн музейд хүндэтгэлтэй байрлуулж болох юм.

Энэ нь сурагчдын оюуны бүтээлээрээ бахархах сэтгэгдлийг улам бадраах сайн талтай.

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)