Монгол ардын аман зохиолын лекц

Ардын аман зохиол гэж юу вэ?

Хөдөлмөрчин ардын үзэл санааны тусгал, оюун билгийн илэрхийлэл болж хамт олны дунд амаар зохиогдоод уламжлан дэлгэрэх уран үгийн бүтээл туурвилыг ардын аман зохиол гэнэ.

Түүний анги нийгмийн мөн чанар нь:

1. Нийгмийн материал баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны туурвил мөнд оршино.

2. Хөдөлмөрчин олны нийгмийн амьдрал, хөдөлмөр тэмцлийн бүхий л туршлагыг яруу сайхнаар нэгтгэн дүгнэдэгт оршино.

3. Хөдөлмөрчин ардын ертөнцийг үзэх үзэл ёс суртахуун, яруу сайхны хүсэл сонирхолыг хурцаар илэрхийлдэгт оршино.

Ардын аман зохиолын тусгай онцлог нь түүний шинж чанартайд оршино. Тухайлбал үгийн урлагын олон бүтээлийн хэлбэртэй, хөдөлмөрчин ардын нийтлэг үзэл суртлын үүрэгтэй. Тэдний оюун соёлын цогцолбор мөн байдаг нь а.а.з-ын өвөрмөгц онцлог мөн болно. А.а.з нь орчлонгийн алив юмны нэгэн адил түүхэн үзэгдэл юм. Анхны хүй нэгдлийн нөхцөлд хүмүүс хамт олноороо хөдөлмөрлөж, нийгмээрээ амьдардаг болсны улмаас хоорондоо саналаа солилцох зайлшгүй хэрэгцээ гарсан билээ. Хэрэглээ нь хүний тархинд үг хэллэгийг удирдах төвийг бий болгосноор барахгүй, түүнд тохирсон үзүүр хязгаарын, өгүүлэх эрхтнийг аажмаар бий болгосноор үе гишүүнт үг хэллэг үүссэн билээ. Үг хэл нь Хүмүүсийн харьцаа, хөдөлмөрийн явцыг зохион байгуулахад “ Илт бөгөөд бодит “ учир холбогдолтой ач тустай байсан. Иймд аман зохиолын чанартай сонин содон үг, овог аймгийн нийтлэг зан үйлийн бүрэлдхүүний зүйл болж ордог бөгөөд энэ мэтээс үгийн урлаг, юуны өмнө аман зохиол үүссэн билээ. Аман зохиол ийнхүү эрт балар цагийн хүй нэгдлийн хүн олны хамтын хөдөлмөр, хүй элгээр / нийгмээр / амьдрах болсон аж төрөл, заншил ёс, зан үйл, баяр хөөр, уй гашуу, уламжлал баримтлал зэрэгтэй салшгүй холбоотой үүсэн гарчээ. Тэр цагийн хамт олон гардан бүтээдэг үйлдвэрлэл нь нийгмийн чанартай, тэдний үйлдэн бүтээх үйл ажиллагаа нь хамтын хэлбэртэй, тэдний бүх амьдрал нь нийтлэг шинжтэй байв. Энэ бүхэн бол аман зохиолыг бүтээх бодит нөхцөлүүд болжээ. Аман зохиол нь түүхэн үе бүхэнд нэг янзаараа байсангүй тухайн нийгмийн бүтэц, байгуулал түүний доторх хөдөлмөрчидийн байдал, бүрэлдхүүн, тэдгээрийн түүхэн хөгжлийн онцлог зэргээс шалтгаалан аман зохиолын агуулга хэлбэр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, түүнчлэн овог, ястан, аймаг, улс үндэстэн, хүн төрөлхтөний соёлд эзлэх байр суурь зэрэг нь цөм улиран хувирсаар иржээ. Учир иймээс түүхэн үе бүхний аман зохиолд нийгмийн материаллаг баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны бүтээл туурвил мөний хувьд анги нийгмийн ерөнхий шинж чанартай байхаас гадна тэдгээр үе тус бүрт хамаатай түүхэн тодорхой анги нийгмийн онцлог агуулгатай байдаг байна.

Аман зохиолын ардач чанар

Ардын аман зохиолын анги – нийгмийн мөн чанарын нэг чухал шинж нь ардач чанар байдаг. Ер нь “ Ардын аман зохиол” гэдэг утга агуулгатай нэр томьёо юм. Үүний дотроос “ Ардын гэсэн тодотгол бидний авч хэлэлцэж байгаа асуудалд чухлаар холбогдоно. Одоогоор бидний ойлголтоор бол аль нэг улс үндэстний төрийн тулгуур, улс үндэс болсон хүн амын ерөнхий олонхийг “ард” гэдэг. Монголын феодлын нийгмийн олонхи нь малчин ардууд байв.

Иймд Монголын аман зохиолын гол ихэнхийг малчин ардууд ухаан билгээрээ бүтээсэн нь илэрхий. Гэвч зөвхөн малчин ардын зохиол гэвэл өрөөсгөл ойлголт юм. Яагаад гэвэл “ардын” ангийн бүтэц бүрэлдхүүн нь харин анги нийгмийн талаар хоорондоо ялгаатай бүлэг хэсгээс бүрддэг байжээ. Тухайлбал Монголын феодлын нийгмийн үед харц ардын ангийн бүрэлдхүүнд, албат, хамжлага, шавь нар, борчуул гэхчилэн олон янзын хэсэг бүлэг багтдаг байв. Иймд энэ үеийн ардын аман зохиолд малчин ардын бүтээлээс гадна бадарчны үлгэр хүрээ хорооны борчуулын шог үгээс аваад ядуу дорд лам нарын шашны ном уншлагыг элэглэн чаралба нарын домгийг хүртэл элдэв анги бүлэг хүмүүсийн дундаас гарсан зүйлс багтах юм. Гэвч “ Ардын аман зохиол” гэсэн нэр томьёоны “ардын” гэсэн үгийн анги – нийгмийн агуулга үүгээр дуусахгүй Учир нь зөвхөн феодлын нийгмийн үед холбогдох бүтээл туурвил ороод зогсохгүй түүнээс өмнөх ангигүй нийгмийн буюу хүй нэгдэл, овог төрийн нийгмийн хамт олны бүтээл туурвил хамаарагддаг.

Жишээ нь “ Эрхий мэргэний домог, үлгэр, цуутын цагаагч гүү зэрэг зарим амьтадын болон шидэт үлгэр, зүйр үгс. Монголын олонхи баатарлаг тууль тэргүүтэн ордог байна. Энэ мэт бүтээл туурвил бол анги гарахаас өмнө хүй нэгдэл овгийн байгууллын ахуй амьдралаас гарал үүсэлтэй тул тэдгээрийн үүсвэр хэлбэрийг ангигүй нийгмийн бүх гишүүдийн бүтээл туурвил гэж болно. Гэвч ардын гэдгийг дарлагч дарлагдагч 2 ангийн нийтэд нь хамарсан ухагдхуун гэж үзэж болохгүй юм. Учир нь аман зохиол бол хүний нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс болон материаллаг баялгийг үйлдвэрлэж, түүхийг бүтээгч чухал хүч болсон “ ардын” буюу хөдөлмөрчин олны оюун санааны бүтээл туурвил, цэцэн билгийн илрэл бөгөөд ерөнхийдөө дарлан мөлжигч ангийн ноёрхуу соёлын эсрэг хөдөлмөрчин олноос өөрсдийгөө илэрхийлсэн, хөдөлмөрчний эрх ашгийг хамгаалсан утга санааны бүтээлүүд байна. Ардын аман зохиолын ардач чанар нь :

1. Тэдгээр бүтээл нь нийт хөдөлмөрчдийн элдэв анги бүлгийн дунд бүтээгдэгт оршино.

2. Эдгээр бүтээлд голлон хөдөлмөрчин ардын үзэл санаа, эрмэлзлэл илэрч, бүтээлдээ ард түмний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр хамгаалж, дарлан мөлжигчидийг эсэргүүцсэн шинж чанартай байдагт оршино. Иймд Ардын аман зохиол нь ангит нийгмийн үед ангийн шинж чанартай байдаг байна.

Ардын аман зохиолын ангийн чанар

Ардын аман зохиол бол нийгмийн үзэгдлийн хувьд ангит нийгэм үүсэхээс өмнө үүсэж гарсан учир ангигүй нийгэм болох хүй нэгдэл, овгийн нийгмийн хамт олны нэгдмэл амьдрал, үнэн байдлыг тусгаж анх ангийн шинж чанаргүй байсан боловч нийгмийн цаашдын хөгжлөөр эсрэг тэсрэг ангиуд үүсэхийн хамтаар нийгмийн үнэн байдлын тусгал болсон ардын аман зохиолд энэхүү ангит нийгмийн шинж чанар тусаж ангийн чанартай болсон байна. МААЗ-д юуны өмнө хар шар феодлын эсрэг чиглэж хөдөлмөрчин ардын үзэл санаа хурцаар илэрсэн байдаг. Энэ талаар аман зохиолын бүх төрөл зүйлст тусгагдсан байдаг.

Жишээ нь: Ноён урваач нохой шарваач гэх буюу

Зуд болоход нохой зоолно,

Зовлон болоход лам жаргана г.м

Феодал лам нарын эсрэг чиглэгдсэн зүйр үгс байна.

Уут уут мөнгөөрөө

Улсаа худалдсан сайдууд гуай

Дэнс дэнс мөнгөөрөө

Дэлхийгээ худалдсан сайдууд гуай гэх буюу

Буурал тэмээ байтлаа бурантгаа юундаа сунгаа вэ?

Бурханы лам байтлаа

Бүсгүй юундаа хөөгөө вэ? гэх мэт дуу байна.

Энэ бүхэнд ардуудаас дотоодын хар шар анги гадаадын колончлогч нарыг жигшин эсэргүүцсэн гүн утга агуулга, хурцаар илэрсэн байна. Энэ мэтээр хөдөлмөрчин ардын эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн үлгэр, домог, тууль ч олон байдаг. ААЗ бол феодал ангийн эсрэг ардаас явуулсан ангийн тэмцлийн нэг хурц зэвсэг болж байжээ.

Аман зохиол бол хамт олны бүтээл мөн

Аман зохиолыг ард түмэн нийтээр хэлэлцэн тохирч, нийтйин санал, олны журмаар зохицуулдаг гэсэн үг биш. Тэгвэл юуны учир “ Хамт олны дундаас зохиогддог гэж үзэх учиртай вэ?

Үүнийг ингэж тодорхойлж болно:

1. Аман зохиолыг “ Хөдөлмөрчин ардын оюун санаа цэцэн билгийн жинхэнэ төлөөлөгч болсон нэг хүн хормын төдийд хурдан сэтгэж, бодож төдөлгүй бэлэн зэлэн урсган хэлж амаар буюу цээжээр зохиож чаддаг байжээ.

Монгол ардын зүйр үгэнд

Цэцэн үг цээжнээс гардаг

Цэцэг навч уулнаас гардаг гэсэн үг байдаг нь үүнийг заасан үг билээ.

2. Аман зохиолыг ардын цэцэн билэгтэн үеээс үед “ уламжлан дэлгэрүүлэхдээ” өөрсдийн авьяас сонирхол хувийн онцлог, цаг орчныхоо байдалд нийцүүлэн улам баяжуулж, зохих хувь нэмрээ оруулдаг дээрээс тэрхүү бүтээлийг чухамхүү “хамт олны дунд” зохиогдсон “ хамт олны бүтээл гэж үзэх үндэстэй. Амаар уламжлан дэлгэрдэгийн учраас ардын аман зохиолын олонх бүтээлийн анхны зохиогч нь мартагдан, хамт олны чанартай болдог байна.

Монгол ардын аман зохиолын төрөл зүйл

Монголын ард түмэн маш эртнээс уламжлалтай баялаг аман зохиолтой учраас түүнийг олон төрөл зүйлээр нь ангилан судалж үзэх шаардлагатай байдаг.

Монгол ардын аман зохиолд домог- үлгэр, тууль, үлгэр, дуу, домог, оньсого гэх мэт төрөл зүйл багтдаг юм. Аман зохиолын энэ олон төрөл зүйл тус олон монгол хэлтэн овогтон цөм өөр нэрээр зөрүүлж оноосон сонирхолтой баримт байдаг. Дараах хүснэгтээс үзвэл:

Халхад

1. тууль

Буриадад

үльгэрнүүд

Халимагт

Ут тууль

/урт тууль/

Өвөр монголд

2. үлгэр

Онгохонууд

/ туульс /

Ут туульиуд

/ урт туулинууд/

3. оньсого

Таабари

Тээлвртэ туульс

/тайлбартай тууль/

Тул инуд

4. зүйр цэцэн үг

Үльгэрнүүд

Оньнон ба хошоо

үлгүрмүд

Үлгүр

үгэс

Аман зохиолын төрөл зүйлийн нэр томьёо зөрөөтэй болсны учир шалтгаан нь ААЗ-ын эдгээр олон төрөл зүйл нь хараахан ялгарч гараагүй нэгэн бүхэл нийтлэг зүйл байсан ба эдгээрийг өөр өөр талаас нь эдгээр олон янзын үгээр нэрлэж байжээ. Гэтэл олон Монгол овогтон сольж холдсон түүхэн үед ААЗ-ын олон төрөл зүйл ялгаран гарч ирсэн тул нэг талыг олон талаас нь нэрлэж байсан олон янзын үгийг ааз-ын өөр өөр төрөлд оноон нэршүүлснээс ийнхүү ялгаа гарсан байна. ААЗ-ын эдгээр олон зүйл нь хэдий эртний Монгол аман зохиолын төрөл нэг эхээс үүсэж хожим нь олон овогтон хэлтний дунд өсөн бойжихдоо өөр өөр нэртэй болсон боловч, төрөл зүйл тус бүр өөр өөрийн онцлогтой, ялгаатай байсан.

Домог үлгэрийн сэтгэлгээний асуудалд

1. Домог үлгэрийн тухай

Маш эртний эхэн түрүү цагийн хүн ухамсар сэтгэхүй үг хэлтэй болсноор адгуусан амьтнаас ялгарах болжээ. Тэр цагаас л эргэн тойрны юм үзэгдэл бодол санаагаа нэг нэгдээ дамжуулан ойлгуулж чаддаг болжээ. Ингэж нэг хүний бодсон санасан нь нийтийн хүртээл болж чаддаг болсон цагаас хүмүүс сүргээрээ биш нийгмээрээ аж төрдөг болжээ.Боддог сэтгэдэг болсны улмаас аливаа зүйлийг яаж хийх ямар зорилгоор ашиглаж болох тухай мэдэж ухамсарлаж чаддаг болсон тэр цагаас зөнгөөрөө адгуусны үйлддэг үйлдэл биш харин ухамсарт үйл ажиллагаа хөдөлмөр болжээ. Хүн хэлтэй болсон цагаасаа л аман зохиолтой болсон гэж багцаалдан хэлж болно. Хүн төрөлхтөний хөгжлийн гэнэн балчир үеийн “ яагаад” гэдэг асуултанд үнэн зөв шийд гаргах хүмүүсийн танин мэдсэн мэдлэг бодох сэтгэхүйн хөгжил үйлдвэрлэж бүтээх үйлдвэрийн ахиц цөм дутагдаж тийм болов уу гэсэн битүү таамаглал төсөөлж ургуулан бодох нь их байжээ. Иймд эртний хүмүүс хамаг юмны учир шалтгааныг санаагаараа ургуулан бодсоноороо үлгэр домог зохион тайлбарладаг байжээ. Ингэж зохиосноо бодитой үнэн зүйл гэж итгэж байсан. Тийм үлгэр өгүүллэгийн зүйл нь өнөө үед үлгэр гэж нэрлэгдэх болжээ. Домог үлгэрийн аман зохиолын буюу төрлөөс ялгарах тусгай онцлог нь:

1. Хүн төрөлхтний нялх ухамсрын буюу домогийн сэтгэлгээний бүтээл болоход нь

2. Анхны хүмүүсийн танин мэдэх бүх туршлагын илрэл буюу үзэл суртлын нийтлэг хэлбэр хөдөлмөрчин ардын соёлын үр хөрөнгө мөн болдогт нь

3. ШУ-ны хандлагатай урлагын бүтээл болдогт нь тус тус оршино.

Эцэст нь домог үлгэр бол оюуны учир шалтгааныг тайлбарлах гэсэн учир зүйн сэтгэлгээний дэвшилтэт эрмэлзлэлийн тусгал мөн боловч түүнийгээ тухайн хөгжлийн нөхцлийн улмаас “ ухамсарлаагүй уран сэтгэмжээр “ хэрэгжүүлсэн зүйл тул өнөөгийн бидэнд урлагийн утга чанартай зүйл юм.

Монголын домог үлгэрийн тухай

Орчлон ертөнц хүний нийгмийн юм, тэргүүтнийг танин мэдэж тайлбарлах эртний хүний эрмэлзлэлийг тусгаж, аяндаа ухамсаргүй уран сэтгэмжээр зохиогдсон аман өгүүллэгийн хүүрнэлийн зохиолыг домог үлгэр гэнэ. Домог үлгэр нь аргагүйн эрхээр уран сайхны хэлбэрээр илэрсэн эртний хүний нэг маягийн “түүх” “ ШУ” мөн. Эртний Монголчууд домог үлгэрээрээ орчлон ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж байжээ. Монголын домог үлгэрийн зүйлс нь буриад, халимаг зэрэг Монгол хэлтэн овогтний домог үлгэр түүний ангилалтай нягт холбоотой.

а/ Сав ертөнцийн тухай / космогонические мифи /

б/ Шим ертөнц буюу ургамал амьтны үүсэл гарал түүний эрхтний үүсэл гарал зэрэг адгуусан тэнгэр, нарны тухай / теогонические мифи/ зэрэг

в/ Хүн, түүний хөдөлмөрийн зэвсэг зэрэг нийгмийн үүсэл гарлын холбоотой /генеалогические мифи/ гэж 3 хувааж болно.

Сав ертөнцийн тухай Монголын домог үлгэр

Монголчууд нэгэнт бусад ард түмний адил хүний нийгэм байгуулж, хөдөлмөрлөж ирсэн учраас орчлон ертөнцийн тухай бодож сэтгэж, энэ талаар хэдий гэнэн ч гэсэн өөрийн төсөөлөл, ертөнцийг үзэх үзэлтэй байснаа домог үлгэрээрээ илэрхийлсэн юм. Орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай домгийг

1. Долоон өвгөн, мичид, гурван марал зэрэг од гаригийн үүслийн тухай үлгэр, домог үлгэрээс

2. Үлгэр ялангуяа туулийн дотор гарах дүрслэлээс

3. Элдэв юмны үүслийн тухай сүүлийн үеийн бурхан шашны нөлөө орсон зарим домог үлгэрийн дотроос: ийм хэд хэдэн эх сурвалжаар баримт болгон хэлэлцэж болно.

Эртний бөө мөргөлт Монголчууд Дэлхий тэнгэр 2 салаагүй байхад, нэгэн нэгдмэл байхад мөнхтэнгэр нар байсан гэж үздэг байв. Тэнгэрийн орныг дээд ертөнц / хожим дэд тив / гэх болжээ.

Дунд ертөнц / хожимын дунд тив / бол газар дэлхий мөн бөгөөд этүгэн / газар дэлхийн / тэнгэрийн бие мөн бололтой.

Түүн дээр байгаа ургамал, амьтан хүн цөм тэнгэр эцэг, Этүгэн / дэлхий/ эхийн төрдөг үр хүүхэд мөн. Учир нь “ Үнэндээ Монголчууд байгалын эр үүтгэл нь тэнгэр, эм үүтгэл нь газар дэлхий гэж шүтдэг. Тэнгэр нь юманд хэлбэр дүрс оруулдаг. 1-дэхийг эцэг гэж 2-дахийг нь эх гэнэ. Энэ учраас тэнгэр бол хүнд амин сүнс соёрхдог бөгөөд түүний энэ туурвигч үйлийг Монголчууд “заяа” гэнэ. Доод / газар доорх/ ертөнцийг Лусын хаад эзэлсэн бөгөөд анхны луу могойн өндөгнөөс луу дүрстэй гарсан. Тэгээд усан дахь бүх зүйлийг захирах эзэн болсон. Могойг лусын хааны охин гэж байжээ. Орчлонгийн үүслийг Монголын домог үлгэрт өөрсдийнхөө аж төрлийн жишээгээр зохиосон бөгөөд тэдний туурвин зохиох сэтгэхүй туйлын эгэл гэнэн реалист шинжтэй байжээ. Жишээ нь “хар шар хотын Монгол торгуудын хэлснээр бол Тэнгэр газрыг бүтээхэд түүн дээр нэг хөгшин эмгэн байжээ. Санаандгүй эмгэн жирэмсэлжээ тэр үед тэнгэр хараахан бүтэж гүйцээгүй 2 талаасаа алгуурхан ойртон хаагдаж дэлхий дахины дээгүүр бүрхэж байжээ. Он удахад тэнгэр ч битүүрээгүй хүү ч төрөөгүй байсан агаад хүү эхээсээ “ Тэнгэрийн хаалга хаагдах дөхөж байна уу “ гэж асуудаг байв. Эмгэн тэр бүр “ бас болоогүй” гэдэг байжээ. Тэнгэр бүтэж гүйцэхэд дөхөөд байсан нэг үед өнөөх хүү уул асуултаа давтав. Олон жил төрөөгүй байж дэмий балай юм асуудаг олиггүй хүмүүжилтэй хүүдээ уурласан эмгэн “ тэнгэр /хаалга/ хаагдсан” гэхэд хүү эхийгээ зүүн гараа өргөөч гэж гуйжээ. Тэгэхэд суганаас нь төржээ. Гарахдаа нас гүйцсэн эр байв. Төрөөд тэнгэр өөд харвал хараахан хаагдаж гүйцээгүй байхыг үзэн үнс чимхэж аваад тэнгэр өөд үнсээ цацаж орхижээ. Тэр үнс нь тэнгэрийг бүрхэж амжаагүй тэр зурвасыг бүрхэж орхисон бөгөөд энэ нь тэнгэрийн заадас болсон гэнэ. Анхны эр хүн цагаа болоогүй төрсөн учир богино настай болсон ба эмгэн худал хэлсний харгайгаар одоо хүмүүс худалч,хуурмаг, хулгайч болжээ. Газар дэлхийн үүслийн тухай ийм хүн хэлбэрийн домог байхаас гадна үүнээс өмнөх үеийн адгуусан хэлбэрийн домог үлгэр ч бас байсан бололтой. Тэр домог үлгэрт газар дэлхий нь аварга том бухийн байдлаар гардаг. Тэр бухын толгой бөөр бөгсөнд нь 3 баян айл аж төрж байснаар гарч байгаагаас үзвэл газар дэлхийгээ бухаар төлөөлсөн мэт. Энэ дүрсэнд бөөрний баян, бөгсний баян 2 хол зайтай байдаг хоорондоо хэдэн оны турш явж хүрдэг гэж дүрсэлсэн байна. Түүнээс гадна Адьяа зангийн хувилбарт “ Бухыг үхчихээд хүмүүс түүнийг өвчиж тураг махыг цээж бөгсөөр тавьсан энэ үед бүргэд нисч ирээд бухийн цээжийг тэнгэрт аваад явсан. Тэгээд агаарт хоёр гурав тоншоод олз нь гологдсон тул доош унагасанд дээш харж байсан хүний нүдэнд унасан. Үүнээс айсан хүн учиргүй сандарч ухны сахлан доор нуугдсан. Үүний дараа үнэгийг дуудан тэр үнэг хүний нүдэнд 3 хоног завиар явж хүний нүдэнд живж бухын цээжийг хайв гэж сонин дүрслэл байдаг. Үүнээс үзэхэд Монголын эртний домог үлгэрийн ёсоор газар дэлхий бухын бөгснөөс тэнгэр нь бухын цээжнээс, далай нь үлэмж биет өвгөний нүднээс, сүмбэр уул нь ухна, бүргэд нь туурвигч баатар бөгөөд бухын цээжийг хоёр гурав тоншиж тэнгэрийн гэрэл тусах цоорхой нар сарыг гаргасан мэтээр төсөөлсөн байх юм. Монголчуудын нийгмийн үйлдвэрлэл цаашид хөгжихийн хамт хүнийг байгалиас ялган салгаж, түүний бүтээгч хүчийг ухамсарлахын хэмжээгээр одыг үхэрт гишгүүлсэн мөсний хэлтэрхий мэтээр ухаарсан адгуусан хэлбэрийн домог үлгэрийн оронд “ Хөхдэй мэргэн”, “ долоон өвгөн” “Гурван маралын домог үлгэр, Эрхий мэргэн гэх мэт хүн хэлбэрийн домог үлгэр гарчээ.

Шим ертөнцийн тухай домог үлгэр

Шим ертөнцийн домог үлгэрт нарс, хуш модны мөнх ногоон болсон учир, говьд яагаад заг ургадаг вэ? Тарвагны хүн махыг яагаад идэж болохгүй вэ? Яагаад муурын хэл, нохойны үс бузар вэ? Эрвээхэй яагаад гэрэл уруу тэмүүлдэг вэ? Тэмээ яагаад эвэргүй вэ? гэх мэт олон үлгэр хамаарагдана. Үүний дотроос эрхий мэргэний үлгэр бол тарвага алаг даахай 2 яаж үүссэн тухай домог үлгэр бөгөөд үлгэрийн баатар эрхий мэргэнд домог үлгэрийн соёлын баатар болон тэр ч байтугай туурвигч баатрын шинж байна. Жишээ нь түүний бие 7 нар байсныг ганц сумаар харван орчлонгийн эс зохилдсон жам зүйгүй байдалд өөрчлөлт оруулж, өдөр шөнө ээлжлэн хорвоогийн дэглэм үүсгэхийг байгалын замбараагүй байдалд нэвтрүүлсэн байна. Энэ нь “ байгаль, соёл 2-ыг нарийвчлан ялгадаггүй санамсаргүй аяндаа адилтгадаг. ” домог үлгэрийн сэтгэлгээний шинж мөн байна. Эрхий мэргэн олон нарыг байт сумны бай мэт нэг нэг сумаар онож устгасан байна. Энэ нь чухамдаа эртний монголчууд нум сум гэдэг хөдөлмөрийн зэвсэг олсондоо ид шидийн зэрэгт аваачиж магтсан хэрэг юм. Эрхий мэргэнд хүний сайн болон сул тал цөм байна.

Жишээ нь:

Харваач мэргэн харвадагтаа эрдэн нэг нэг сумаар унагаж чадахгүй бол

Эрхий хуруугаа огтолж

Эр хүнээ байж

Хар ус уухгүй

Хагд өвс идэхгүй / амьтан болоод/

Харанхуй нүхэнд амьдарьяа гэж андгай тангараг тавьж байна. Тэгээд сүүлийн нарыг харвах гэж байтал хараацай шувуу халхалсан, хулчгар нар айгаад уулын цаагуур орчихсон учир тангараг ёсоороо тарвага болон хувирч эмгэнэлт баатрын шинж олж байна.

Хүн ба нийгмийн холбогдолтой домог үлгэр

Хүний үйлдвэрлэн бүтээх хүчин чадал нэмэгдэж байгаагаар эрхэс хүч бэрхшээлийн эсрэг тэмцэл нь хүчтэй болж ирэхийн хирээр хүн хэлбэрийн домог үлгэр туурвигч тэнгэрийн дүр зохиогдож хүн байгалын эрхшээлээс гарч байгааг харуулсан домог үлгэр зохиогдож эхэлжээ. Жишээ нь:

“ Шонхор яагаад хүн идэхээ больсон бэ?” гэдэг домог үлгэрт урьд шонхор хүний гавлыг цоо шааж түүний тархиар хооллож байжээ. “ Тэгээд газар дэлхийн хамаг амьтныг туурвигч тэнгэрээс цаашид хүнийг барьж идэж байх зөвшөөрөл гуйжээ. Тэгэхэд тэнгэр тэгвэл үхсэн хүний гавлын ясыг хага шааж чадвал зөвшөөрнө гэжээ. Шонхорыг өөдөө хөөрөх зуур гавлыг бөөрөнхий цагаан чулуугаар сольсонд шонхор дээрээс түүн рүү сум шиг шунгинаж орж ирээд цагаан чулууг бут тоншсон боловч ухаан алджээ. Тэгэхэд нь түүний дэргэд гавлыг тавиад бутарсан чулууг цэвэрлэжээ. Шонхор ухаан ороод үзвэл гавал бүтэн байсан тул ичээд дахин тэгж санаархахыг бүр мөсөн больжээ. Энэ мэт агуулгатай амьтны тухай үлгэр бол маш эртний буюу хүний үйлдвэрлэн бүтээх хүч чадал дорой, байгалын эрхшээлд байх үеийг тусган дүрсэлсэн эртний үлгэр юм. Монголчууд анх “ Тэнгэр эцэг” гэдэг нэгэн нэгдмэл ойлголттой тэнгэрийг бишрэн шүтэгч байжээ. Тэр нэг тэнгэр гэсэн ойлголт нь орчлон ертөнцийн тухай төсөөлөл нарийсч гүнзгийрэхийн хирээр “ хөх тэнгэр” “ мөнх тэнгэр” “ богд тэнгэр” г.м олон тодотгол нэмж хэрэглэх болжээ. Иймд 49 тэнгэр, түүний дотор баатар тэнгэр, дайчин тэнгэр, энгилчин, заяачин тэнгэр г.м сайн зүгийн 55 тэнгэр, элээ ад албин хулчин зэрэг муу зүгийн 44 тэнгэр үүссэн нь Монголчуудын овгийн дотор ялгаа хөдөлмөрийн хуваарь гаргасантай холбоотой юм.

Домог үлгэрийн уран сайхны онцлог

Аливаа зохиол бүтээлийн уран сайхны онцлог нь уран сэтгэмжээр санаанаас зохиосон зүйлс нь жинхэнэ үнэн байдаг мөн гэж итгэгдэхээр үнэмшилтэй болсон эсэхэд байна. Домог үлгэрийн зохиомол явдал гоо зүйн ямар учир шалтгаан, ямар харьцаа холбооны учир зүйн үүднээс үнэмшүүлэх чадалд тухайн домог үлгэрийн чанар оршино. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн, уран сайхны үнэн ба үнэн байдал 2-ын харьцаа холбооны адилтгалын учир зүйн үнэмшүүлэх чадалд домог үлгэрийн уран сайхан нь оршино. Жишээ нь

Тэмээний эврийг буг зээлэн аваад эргүүлж өгөөгүй тухай Монгол домог- үлгэрийн тухай уран сайхны үндэс нь тэдгээр амьтадын биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс/ тэдгээрийг үнэлж домголсон ард түмний ургуулан бодох сэтгэхүйн үнэмшүүлэх чадалд байна. Биеийн хэмжээ, харьцаа хэлбэр галбир зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс /бодоод үзвэл бугын эвэр нь бугад биш анх тэмээнд байсан байдлаар Монголын ард түмний өвгөд дээдэст төсөөлөгджээ. Тэр эврийг буга тэмээнээс зээлж аваад чуулганд очих гоёлын ёсоор толгойдоо түр зүүсэн учраас бугын эвэр хавар ургаад өвөл булгарч унадаг гэж тааварладаг байжээ. Буга тэмээ 2-ийг биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын гоо зүй, зээлснээ эргүүлэн өгөх ёстой гэсэн ёс зүйн үүднээс бодож: үзэхэд тэмээний эврийг буга зээлж аваад эргүүлэн өгөөгүй залилсан нь үнэмшилтэй санагдах болсон учир энэ бол ердийн үлгэр биш, харин бугын эврийг булгарч унаж, ургаж байдгийг тайлбарласан домог үлгэр мөн болжээ. Тэмээ буга 2-ын эврээ сольсон нь үнэн үү гэдэгт энэ үлгэрийн уран сайхны чанар байгаа биш харин ингэж эврээ сольсон гэсэн уран сэтгэмжийн учир зүйн шалтгааныг / бугад эвэр нь томдсон тэмээнд эвэргүй мулзан нь зохихгүй бугын эвэр жилдээ булгарч унадаг тэмээ ус уухаа үе үе больж уулын толгой ширтэн толгойгоо сэгсэрдэг/ гэх мэт буюу адилтгал үнэмшилтэй байна. Монголчууд нийгмийн ухамсарын цаашдын хөгжлийн явцад ард түмэн домог-үлгэрийн өгүүллэгийг үнэн бодитойд эргэлзээ төрж итгэл алдаж эхэлсэн бөгөөд энэ үед домог-үлгэр нь адгуусан амьтны буюу жирийн сургамжит үлгэр болон хувирч голдуу хошин шог, инээдэм наргианы шинжтэй болжээ.

Зан үйлийн аман зохиол

Зан үйлийн аман зохиол нь гарал үүслээрээ ардын яруу найргийн хамгийн эртний төрөл бөгөөд овгийн байгууллын үеээс хүмүүсийн зан заншил, баяр ёслолын байнгын дагуул болж түүний учир утгыг тэлж тодчилсоор ирсэн юм. Найрын ёслолын үед нийтэд хандан хэлэх зүйлийг энгийн ярианы маягаар ярих нь бараг үгүй, ямагт уран цэцэн үгээр шүлэглэн тухайн ёслолын үед гүйцэтгэж аливаа зан үйлийг ерөөл дуу, шүлэг ямагт дагалддаг билээ. Ийм учраас зан заншил ёслолын янз бүрийн хэлбэрүүд үүсэн бүрэлдсэн түүхэн урт хугацаанд тэдгээрийн бүрэлдхүүн хэсэг болсон аман зохиолын бүхэл бүтэн цогцолбор болон хөгжиж иржээ. Дуу, ерөөл, бэлгийн үг, магтаал мялаалга, даллага, цацлын шүлэг шившлэгийг нийтэд нь зан үйлийн аман зохиолд хамруулж болно. Хурим найрын дуу нь уран үг, аялгуу хөгжмийн хоршил байдаг бол, ерөөл харилцаа шүлэг нь өгүүлж буй зүйлийнхээ утга санаанд нийцсэн айзамтай, бараг дууны адил гэмээр тусгай хөг аялгуунаа зохицуулан хэлдэг. Зан үйлийн дуу, ерөөл бэлгийн үгс цацлага мялаалгын шүлэг зэрэг нь тухайн төрөл зүйл тус бүрийнхээ онцлогийг хадгалсан, аман зохиолын бусад зүйлээс ялгарах өөрийн гэсэн онцлогтой. Зан үйлийн элдэв ёслол нь тухайн аман зохиолын зүйлийг хэлэхийн зайлшгүй шалтгаан урьдчилсан нөхцөл болж өгдөг бол ерөөл бэлгийн үг, цацал, мялаалгын шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйлийн учир утгыг нэмж баяжуулсан шинжтэй юм. Ялангуяа мал аж ахуй ажил хөдөлмөрийн холбогдолтой зан үйлийн яруу найраг нь хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөх зохиулалттай байсан. Эдгээрт гоо сайхны учир холбогдол байдаг боловч түүнийг ажил хөдөлмөрийн үр дүнд практик байдлаар нөлөөлөхөд ашиглаж байлаа. Иймд “ Морь уралдуулах, төлийг эхэд нь авахуулах, мал саах, ивэлгэх, хайдагшуулах зэрэгт шүлэг магтаал, ерөөл уянгалуулан унших, гийнгоолох, уртын дуу дуулах буюу аяар өөвлөх, хөөслөх, зуузуулах, тушгирах, бас лимбэдэх, хуурдах, уламжлал нь малын - дээд мэдрэлд уяраах, сэргээх, сэрэл үүсгэх / ааш занг засах/ зэргээр нөлөөлж буй хэрэг бөгөөд “ тэдгээрийг хэлбэр маягийн төрлөөс авч

- Үргээх цочоох, балмагдуулах аястай/ гуаг, чиш, хаая гэх мэтээр хашгирч/

- Уянгалаг, элбэрэл,ээнэгшүүлэх, хайрын өнгө аястай / гурий, гүүргий, зуу зуу гэх дуу аялгуу/

- Урам зоригийг хөгжөөсөн аястай/ морь уралдахад гийнгоолох, цол дуудах /

- Тайвшруулж тайтгаруулсан / гүүг, хүүе/ гэх мэт олон өнгө аястай байхаас гадна лимбэ, морин хуур, зэрэг хөгжим уурга хуйв шилбүүр зэрэг багаж хэрэгслийн дууг ашигладаг байжээ.

Зан үйлийн яруу найраг нь бөө мөргөлийн аман зохиолоос зарчмын ялгаатай гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зан үйлийн яруу найраг нь хүн төрөлхтний зааггүй нийтлэг ухамсрын буюу домог үлгэрийн сэтгэлгээний үед зохиогдсон учир бөө мөргөлийн аман зохиолоос гарал үүслийн хувьд эртний бөгөөд түүний угтал болсон зүйл юм.

Бөө мөргөлийн яруу найраг нь бөөгийн зан үйлийг явцуу хүрээнээс гарч чадахгүй бол зан үйлийн яруу найраг нь хүнийг төрөхөөс нас эцэслэх үе хүртлэх аж амьдралын олон үйлстэй холбоо бүхий учраас хэлбэр агуулга, төрөл зүйлийн хувьд нэн баялаг, ард түмний ухамсар танин мэдэхүй өсөж, шашин шүтлэгийн нөлөө сулран ШУ-ны мэдлэг дэлгэрэх явцад зан үйлийн аман зохиол дахь үгийн шидэд итгэх гэнэн хандлага шүтлэг бишрэлийн нөлөө улам бүр багасаж уран сайхны зориулалт нь зонхилох шинжтэй болж иржээ. Зан үйлийн яруу найргийн өөр нэг онцлог бол түүний хэл юм. Хурим найран дээр хэлэх ерөөл, шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйл, үйл хөдлөлийн учир зорилгыг тодотгох зориулалттай байдаг.

Жирийн яриаг бодвол урнаар өгүүлэхийн элдэв аргыг төгс ашигласан тодорхой айзам хэмнэлтэй сэтгэл хөдөлгөм уран шүлгээс бүтсэн байдгаараа онцлогтой.

Аригун од гариг нь тохирсон энэ сайн өдөр

Агуужим их өргөө гэрээ байгуулан барьж

Аль сайн өлзийтэй сайхан үгээрээ өргөж мялаахад гэх мэтчилэн бүтэн өгүүлбэр нь хэл бичгийн хэлний үгээр бүтсэн буюу сонгодог хэлний бичгийн найруулгатай байдаг. Жирийн ярианд тэр бүрий хэрэглэгдэггүй бичгийн хэлний хуучин үг хэллэгийг оролцуулах зарим үгийг зориуд бичгийн хэлний дуудлагаар хэлэх зэрэг нь тухайн эрхэмсэг хүндэтгэлийн өнгө аястай болгон өгдөг гэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь ойр зуурын хэрэгцээнд хэрэглэгддэгээр чихэнд дасал болсон жирийн явган ярианаас өргөн тодчилж тухайн зан үйлийн хүндэтгэлийн өнгө аясыг илэрхийлэх, сонсогч хүмүүсийн анхаарлыг татах, яруу сайхны учир холбогдолтой найруулгын арга юм. Ард түмний дунд тэмдэглэгдсээр ирсэн уламжлалт зан үйлийг ёслол, түүний аман зохиолыг дотор нь

а/ цаг улирлын холбогдолтой

б/ гэр ахуйн холбогдолтой гэж 2 хувааж болно.

А. Эхнийх нь цаг улирлын өөрчлөлтийн явцад давтагдах байгалын онцлог үзэгдэл, Мал аж ахуй, ан агнуур газар тариалангийн ажил хөдөлмөрийн давтамжтай холбоотой бол

Б. Гэр бүлийн амьдралд тохиолдох онцлог үйл явдалтай холбоотой байжээ. Цаг үеийн холбогдолтой зан үйлийн аман зохиолд ард түмний олон зуун жилийн мал маллагааны арга туршлагын холбогдолтой олон зүйл зөн билэгдлийн маягаар туссан байдаг бол гэр ахуйн зан үйлийн яруу найрагт эрүүл энх, аз жаргал, элбэг баян амьдралыг мөрөөдсөн хөдөлмөрчин ардын эрмэлзлэл хүслэн илэрсэн байдаг.

Цаг улирлын холбогдолтой зан үйлийн аман зохиолд зан үйлийн ёслол үйлдэж ерөөл билэг, мялаалга, цацлагын үг хэлснээр ургац арвижуулан ангийн олз нэмэгдүүлэх, мал сүргээ өсгөх ингэснээр хүмүүсийг аз жаргалтай амьдруулна хэмээн итгэж байдаг нь тод харагддаг. Гэр ахуйн холбогдолтой зан үйл нь хүний амьдралыг эхнээс нь аваад эцсийг нь хүртлэх хугацаанд тохиолдох тэмдэглэлт явдлыг эртнээс уламжилсан заншил ёсны үүднээс ёслон тэмдэглэж буй хэрэг юм.

1. Шившлэг

Шившлэг нь дэлхийн бүх улс түмэнд түгээмэл байсан бөгөөд овгийн байгууллын үеэс уламжлалтай зан үйлийн хамгийн эртний хэлбэр юм. Овгийн байгууллын үед хүний үйлдвэрлэх хүчний хөгжил сул байгалын хүчний бүрэн эрхшээлд байсан бөгөөд юм үзэгдлийг хүнтэй адилхан сэтгэж, мэдэрч ярьж чаддаг гэх мэтээр хүнчлэн ойлгох буюу, байгаль ертөнцийн зүй тогтлыг үнэн мөнөөр нь таньж чадаагүй цаанаа далдын эзэнтэй мэт үздэг байв. Гэвч эртний хүмүүс хүрээлэн байгаа орчинд бололцооны хирээр төсөөлөхийг чармайж байсны илрэл нь шившлэг юм. Шившлэг нь үгийн урлагийн бүтээл боловч түүнд бие даасан гоо сайхны учир холбогдол байхгүй харин практик хэрэглээний зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эртний хүмүүс тухайн зүйлийн уран сайхны хэрэгцээгээ хангахын тулд биш үгийн ид шидийн хүчээр аргадан тайтгаруулах, нэмэр тус болох, хор хөнөөл хүргэх зэрэг хүссэн үр дүнд хүрэх практик зорилготой байжээ. Шившлэгийг хэн дуртай хүн, тохиолдлын ямар ч үед хэлдэг бус, харин зайлшгүй шаардлага гарсан үед л тодорхой цаг хугацаанд хэлдэг нь түүний практик хэрэглээний зориулалт зонхилох шинжтэйг харуулж байна.

Тухайлбал: Хурга хөнгөлсний дараа

Өднөөс хөнгөн

Сумнаас хурдан

Цус нь цагтаа хатаж

Өвчин нь өдөртөө эдгэр

Хурай2

Дур2 гэж хэлдэг нь үгийн ид шидийн тухайн ажил үйлсэд нөлөөлөх гэсэн зориулалттай шившлэгийн үгийн хэлбэр юм. Шившлэгийн үгийг хэн дуртай хүн өөрчлөөд байдаггүй, үг хэллэг нь маш тогтвортой юм. Учир нь тухайн үг хэллэгийн зохицол нь зөн билэгдлийн гүн утгатай, үгийн ид шидийн нөлөөлөх их хүчтэй тул дагаж мөрдөхгүй бол уг зүйл санаснаар бүтэхгүй гэж ойлгодог тул эртнээс уламжлан цээжлэн бараг өөрчлөлгүй дамжуулсаар иржээ. Шившлэг нь тухайн зүйлд хандах зорилго хүслээ илэрхийлсэн цөөн мөр шүлгээс бүтдэг бөгөөд гуйсан утга санааг илэрхийлдэг учир өгүүлбэрийн өгүүлхүүн нь үйл үгийн захирах, тушаах хүсэх болзох төлөвөөр голдуу хэлбэрждэг. Аливаа шившлэг нь хэмжээгээр бага боловч адилтгал, зүйрлэл, ёгтлол, төсөөлөл, хэтрүүлэх, чимэг үг, давталт зэрэг хэлний яруу хэрэглүүрээр маш баялаг энэ нь сонссон хүмүүст ид шидтэй мэт ойлгогдон гүн сэтгэгдэл, итгэл бишрэл төрүүлэх хүчин зүйл болдог ажээ.

Чи цахир цагаан хад болж урга

Би цал буурал өвгөн болоод гэсэн хэсэгт цахир цагаан, цал буурал зэрэг давхар тодотгол хоршин орж чимэг үг болсон нь дүрслэлийг уран хурц тод болгожээ. Мөн шившлэгийн үгэнд ёгт утгатай үг хэллэг нэн элбэг бөгөөд энэ нь эртний хүмүүсийн гэнэн ойлголт ёсоор бол хүнд хор хөнөөл учруулж болзошгүй элдэв далдын хүчнээс тухайн үйл

явдлыг нуун далдлах хуурах төөрөгдүүлэх гэсэн зориулалттай байв. Тухайлбал” идшинд адуу идэх бол

Алах гэж алсангүй

Цохих гэж цохисонгүй

Хойд хялгасандаа ороолдож үхлээ

Эцэс хойшид үхсэн газраа

Унага болж төрөөрэй хэмээн зориуд алсан биш гэнэт ослоор үхсэн мэтээр өгүүлсэн байдаг.

Шившлэгийн сэдэв агуулгийн талаас:

1. Ажил хөдөлмөрийн холбоотой

2. Анагаах эмчлэх зориулалттай

3. Аж байдлын хамааралтай гэж 3 хувааж болох юм.

1/ Монгол ардын шивлэгийн олонхи нь МАА, ажил хөдөлмөртэй холбоотой бөгөөд өвчин эмгэг чоно нохойн аюулаас хамгаалах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх улмаар мал сүргээ өсгөж олон болгох гэсэн малчин хүний эрмэлзлэлийг тусгасан байдаг. Тухайлбал ууган төл гаргахад эсвэл хуц, ухна, бух, азарга эцэг мал тавихад

Сүрэг дэлгэр

Сүмбэр уулын өвсийг ид

Сүн далайн усыг уу

Түмний түрүү болоорой гэж хэлдэг

Мөн малын үс ноос, сүү боловсруулах ажил хөдөлмөртэй холбогдол бүхий шившлэгийн үг байдаг бөгөөд эдгээрт тухайн ажил хөдөлмөрийг бүтээмжтэй сайн болгох гэсэн эрмэлзлэл харагддаг.

Эсгий хийхэд:

Дун шиг цагаан

Дурдан шиг артай

Яснаас хатуу

Цаснаас цагаан

Бухын магнай шиг аржгар

Азаргын сайрь шиг хатуу

Бугын зоо шиг зузаан болтугай хэмээн хэлдэг нь ажил хөдөлмөрт нэмэр тус хүргэж, тухайн бүтээгдхүүнийг чанартай болгох гэсэн хүслийг илэрхийлсэн юм.

Эмчлэн анагаах зориулалт бүхий шившлэгийг хүн малд холбогдолтой гэж 2 хувааж болох юм. Тухайлбал:

Хүний нүдэнд цагаа унах, өвдөг гарах, мал түүдэгтэх, морь мал бэртэх, ямаа ишиг хаях, гэхчилэн хүн малын элдэв өвчин эмгэг согогийг анагаах эдгээхийн тулд янз бүрийн арга засал домын зүйл хэрэглэж тусгай шившлэгийн үг хэлдэг. Жишээлбэл хүний нүдэнд өвдөг гарвал түүнийг эсрэг талын өвдгөндөө хүргэж

- Өвдөг хэзээ гарав

- Би хэзээ домнов

- Эм дом эм дом гэх буюу

- Өвдөг өвдгөнд гардаг болохоос хэзээ нүдэнд гарч байлаа хэмээн хэлээд өвдгөөрөө зөөлөн нухдаг. Олон зуун жил нүүдлийн МАА эрхлэн ирсэн манай ард түмний дунд малын өвчин эмгэгийг анагаах түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шившлэг олон юм. Хургалах хонийг дуншихад баруун зүүн тийш 3,3 хөлбөрүүлээд цухуйсан хургыг зугуухан татагдан ” сөөг сөг эм дом эм дом “ ботгыг татаж гаргахад “ сөөг, сөг,сөг “ хэдий товч боловч нэгэн зүйл шившлэг мөн юм. Эмчлэн анагаах шившлэг нь ид шидийн хүчинд найдсан шүтлэгийн чанартай боловч ардын эмнэлэгийн зүйлс домын аргатай холбоотой байдаг. Аж байдлын холбогдолтой шившлэгийн нилээд нь байгалын юмс үзэгдэлд хандсан агуулгатай. Тухайлбал: Од харвахад

“ Тэнгэрийн од унасанаас

Миний од унаагүй түй, түй “ гэж нулимдаг нь хүн бүр тэнгэрийн эрхэст тохиож төрдөг бөгөөд хувь заяа нь түүнээс шалтгаалдаг гэж бодон ид шидийн хүч, шившлэгээр муу заяанаас зайлсхийх гэсэн эрмэлзлэл юм. Үүнээс гадна элээ, хэрээ, шаазгай зэрэг шувуу дуугархад хэлдэг шившлэгийн үг маш элбэг, эдгээр шившлэгт илэрхийлэхдээ ерөөх аргадах, занан сүрдүүлэх, хуурах төөрөгдүүлэх байдлаар өгүүлсэн байдаг.

Тухайлбал: Ууль дуугархад

Ухны гүзээнд

Ус аваад ирээрэй

Ухны толгойг чаная гэж хэлдэг нь түүнийг занан сүрдүүлэх аястай бол элээ дуугархад:

Элээ гуай

Эрээн могой

Бүү үзүүл

Халхын гүүний

Харвин идээрэй гэж өрөм зөөхий хаяж өгдөг нь хахууль өгч аргадсан утгатай юм.

Шившлэгийн үгийн нилээд нь хуримлах ёслол, худалдаа арилжаа хийх, цэрэгт мордох үед хэлэх зэргээр хүний амьдрал, нийгмийн харилцааны янз бүрийн талыг тусган зохиогдсон байдаг.

Жишээ нь:

Хуримлах ёслолд:

Бэрийн хормойг дэвсүүлэх нэг үзүүрийг чулуугаар, нэг үзүүрийг сүхээр даруулаад

Бэр очсон газраа

Чулуу / сүх / шидсэн газраа гэж хэлдэг нь очсон газраа тогтвортой амьдархыг бэлэгдсэн шившлэг үг юм.

Тэгвэл хуучин цагт цэрэгт мордохдоо эсэн мэнд явахыг даатган

Богтог хагалаагүй

Богино хавирга хугалаагүй

Хараалт хадмын нэрээр нэрлээгүй

Хэмээн ямар нэг муу үйл хийгээгүй гэдгээ андгай тангараг маягаар хэлдэг байжээ. Нийгмийн түүхийн хөгжлийн явцад шинжлэх ухааны мэдлэг, соёлын түвшин эрс дээшлэн шүтлэгийн бүхий л хэлбэрүүд амьдралын хүрээнээс гээгдэн шившлэгийн үүрэг зориулалт мартагдан зөвхөн эртний зан заншлын холбогдолтой үгийн урлагийн дурсгалын судалгааны хэрэглэгдхүүн болгон үлдсэн билээ.

2. Хараал зүхэл

Хараал зүхэл нь зан үйлийн аман зохиолын нэг төрөл зүйл бөгөөд эртний хүмүүсийн гэнэн ойлголтын дагуу үгийн ид шидийн хүчээр бусдын хувь заяанд нөлөөлөх хор хөнөөл учруулах чиглэлээр зохиогдсон шүлэг юм. Ийм шүлэг нь ямагт хүн хүндээ зориулан хэлдэг онцлогтой. Хараалын ид шидэнд итгэдэг хүмүүст ийм хэлбэрийн шүлэг гүн сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм хараал зүхэл нь хүмүүсийн хүмүүсийн ухамсрын сул дорой байдал хоцрогдолтой холбоотой. Тэгэхдээ бусдыг ёс суртхууны үүднээс доромжлох зориулалттай биш хувь заяанд нь хор хөнөөл учруулахад чиглэгддэг байна. Эрт баларын шившлэг нь анхандаа байгалын гамшиг, өвчин зовлон, араатны довтолгоо зэргээс хамгаалах зорилготой хүсэл гуйлтын чанартай байсан яван явсаар хүн хүндээ халдан, егүүтгэх хараалын шинжтэй болсон. Зөвхөн хараал зүхлийг хүн хүндээ зориулан хэлдгээс бус хүрээлэн буй орчин эд юмс хандсан зүйл байдаггүй нь хүмүүс байгалыг халдашгүй онгон дархан зүйл гэж итгэсээр байсны гэрч юм. Хараал зүхлийг хэлэхэд тодорхой ёс журам гүйцэтгэдэг байна. Тэрхүү үйл хөдлөл нь мөн ид шидтэй мэт итгэдэг байжээ.

Тухайлбал: Халимагт шившлэгийн үг хэлэхэд алгаа ташдаг байсан. Мөн зарим газар хэрээ, тас зэрэг нь сүр хүчийн тэмдэг байсан бөгөөд хараал зүхэл хийх зөн үйлсд ер бусын хүчин чадалтайд итгэн эд юмсыг ч оролцуулдаг байсан бололтой.

Тухайлбал: Монголчууд галзуу үхрийн эврээр хийсэн тунраа бөгөөд, арга ширэг хараал зүхлийнхээ үед түүгээрээ егүүтгэх этгээдийн зүг хэдэнтээ дохидог юмсанжээ. Хараал зүхлийн шүлэг нь урнаар өгүүлэхийн янз бүрийн аргыг сайтар хэрэглэсэн маш цэцэн цэлмэг үгтэй байдгаараа ардын аман зохиол болохын баталгаа мөний зэрэгцээ хүний сэтгэл санаанд нөлөөлөх практик зорилготой. Хорон утга санааг илэрхийлэхдээ ил шууд хараах, далд ёгт / сайхан үгээр/ хараах 2 янз байдаг.

Тухайлбал хамаг юмаа алдаж хоосрон үгүйр гэсэн утгыг

Буураа бурантагтай нь алд

Бурханаа гүнгэрваатай нь алд

Нохойгоо гинжтэй нь алд

Ноёноо отготой нь алд хэмээн өгүүлсэн бол

Өрх гэрийн гишүүд нь цөм үхэж үрэгдэж, үр үндэс нь тасрах тухай санааг

Тоононд чинь тас өндөглө

Тогоонд чинь чоно гөлөглө

Голомтонд чинь гоёо урга

Хаяанд чинь ургасан халгай

Хантайгаа чацуу бол хэмээж дүрсэлжээ. Эдгээрийн утга нь ижил боловч эхний эзэн нь үлдэвч хамаг юмнаасаа хагацан хоосрох тухай санааг шууд хэлсэн бол сүүлийнх нь эд хөрөнгө орон гэр нь байвч эзэмших эзэд нь үхэж үрэгдэх тухай зураглан дүрсэлжээ. Эдгээр нь ил шууд хараалын зүйлд хамаарагдах бөгөөд

Нар сарыг гэртээ мандуулж

Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлэн

Явган нүүж

Нүцгэн сууж жарга гэсэн нь өнгөн дээрээ гоё үгээр ерөөж буй мэт боловч гэрийн дээвэр туурга нь цоорхой тул нар сарны гэрэл нэвтэрч, мал сүргээ барсан тул хотонд нь навч цэцэг ургаж, унах морьгүй, өмсөх хувцасгүй ядуугийн туйлд хүрэх тухайд далдуур егөөдөн дүрсэлсэн байна. Хараал зүхэл нь үгийн урлагын бүтээл мөн боловч хүн хүндээ дайсагнасан хуучин нийгмийн хоцрогдсон бүдүүлэг байдалтай учир орчин үеийн хүний бүх талын ёс суртхуунд нийцэхгүй бөгөөд хүмүүсийн хамтач, хүнлэг үзэл төлөвшин соёлын түвшин, ШУ-ны мэдлэг дээшлэх явцад амьдралын хүрээнээс гээгдсэн билээ.

3. Цацал мялаалгын үг

Цацал мялаалгын үг нь хөх тэнгэр хөрст алтан дэлхий орчны уул ус болон онцлон хүндэтгэсэн адгуус амьтан, эд юмсад идээний дээж өргөн тусгай ёслол үйлдсэний хариуд хайр энэрэлээ үзүүлж аж төрөхийн сайн сайхныг хүсэн гуйсан агуулгатай зан үйлийн шүлэг юм. Өөрөөр хэлбэл :

Амьдрал үйлсэд нь ноёрхол нөлөө үзүүлсэн байгалийн элдэв үзэгдлийг ер бусын зүйл гэж ухаарч байсан үед хүч чадлынхаа хязгаарлагдмал байдлыг уран үгийн ид шидэнд итгэл бишрэлээрээ даван туулах гэсэн гэнэн оролдлогын нэг илрэл нь цацал мялаалгын үг юм. Жилийн 4 улирлын ажил амьдралын онцлог тодорхой үе бүлэгт тусган ёслол үйлдэж, цацал мялаалгын үг хэлдэг байлаа. Цацал мялаалгын үг нь байгаль дэлхийгээс үгийн ид шидийн хүчээр хайр хишиг хүссэн гуйлтын чанартай бөгөөд энэ утгаараа шившлэгийн хөгжил хувьсгалын явцад үлэмж боловсорсон дэлгэрэнгүй хэлбэр гэж болно. Тухайлбал: Өглөө үдэш бүр тэнгэр, уул усанд цацал өргөхдөө

Сайн зүгийн минь тэнгэр

Саруул зүгийн минь заяа

Орохын олзыг нээж буулгаж

Гарахын гарзыг хаан боогтун гэж шившлэг хэлдэг нь цацал мялаалгын үгийн товч хураангуйн шинжтэй билээ. Шившлэг цацал мялаалгын үгийн хооронд төрөл зүйл зүйлийнх нь үүрэг зориулалт хэлбэр агуулгын онцлогийг харуулсан ялгаа бий. Тухайлбал шившлэг нь зөвхөн тухайн зан үйл, ажил үйлдлийг хийж буй хүнд хамааралтай бол цацал мялаалгын үгсийн олонхи нь бүх нийтийг хамарсан тайлга ёслолын үед хамт олныг төлөөлөн хэлдэг байв. Шившлэг нь зөвхөн тухайн зүйлд хандах хүсэл зорилгоо илэрхийлсэн цөөн мөр шүлгэнд багтдаг бол цацал мялаалгын үг нь олон мөр шүлгээс бүрдэж болдог байна. Хамрах хүмүүс, холбогдох зан үйл, утга агуулга бүтэц зохиомжийн цар хүрээгээр хавьгүй өргөн ажээ. Цацал мялаалгын үгийн төрөл зүйлд цагаан сар, хаврын даллага авах, малын үрс гаргах, ангийн олз хишиг гуйх, ёслолууд гэрийн болон бусад эд юмсын мялаалга тахилга зэрэг маш олон янзын зан үйлийн шүлгийг хамааруулж болох юм. Тухайлбал: Мянгад ястанд шиний нэгний өглөө золгохын өмнө цацал өргөх өвөрмөгц нэгэн ёслол хийдэг ажээ. Ингэхдээ гадна гал түлж малын өндөр хавирга, цагаан идээний дээж өргөн, цайгаар цацал өргөдөг бөгөөд

Арван гурван Алтай минь

Гучин гурван Хөхий минь

Нэрийг тань мэдэхгүй билээ.

Шидээрээ зооглогтун

Цолийг тань мэддэггүй билээ

Уучлаарай зооглогтун

Цөөг гэснийг минь

Цөөрмөл нуурын чинээгээр таалагтун

Цацлыг минь

Цагаан нуурын чинээгээр таалагтун

Цөөг цөөг гэж орчны уул усанд хандаад

Ясыг минь янзтай болгож хайрла

Суусныг минь суудалтай болгож хайрла

Үр хүүхдийг минь өнөржүүлж хайрла

Гайт гарз гамшиг тонуулыг арилгаж хайрла

Улангассан чоныг аюулгүй болгож хайрла

Нас буюныг минь дэлгэрүүлж хайрла.

Цөөг цөөг гэж хэлээд галаа гурав тойрдог ажээ.

Энэ нь орчны уул усанд шиний нэгний идээний дээжээ өргөн шинэ онд сайн явуулахыг хүссэн хайр энэрлийг гуйсан зориулалттай шүлэг, зан үйлийн эртний ул мөрийг өгүүлж байна. Цацлын шүлэгт эхлээд чухам юунд хандаж буйгаа хэлээд дараа нь цацал өргөж байгаа учрыг өгүүлсэн хүсэлт гуйлтын чанартай үгээр төгссөн байдаг. Тухайлбал: хонины цацал өргөх үед

Хангайн дээд нь хөх мөнх тэнгэр

Хан газар усан түмэн оддын дүгрэг

Шар алтан наран алтан одон

Өдрийн чинь өлзий

Сарын чинь сайныг

Эрэн бууж

Сайн өдөр чинь цацнам хэмээн тэнгэрийн нар сар од эрхэс газар усанд хандаад

Цацлын шалтгаан гэвэл

Хөх мөнх тэнгэрээс заяат төрсөн

Хар хонины чинь сүү

Хамаг бүгд эс амалсан

Хар хурга чинь амалсан билээ гэж ууган төл гарч анхнаасаа сүүний дээжийг өргөж буйг учирлан

Цацахын шалтгаан гэвэл

Өмчит цагаан хонины чинь

Гамшиг зовлонг барахын тулд

Аврал хаш хэмээн

Агуу их тахил өргөн

Их өчиг амтат их цагаан

Цацал сүүг чинь цацнам хэмээн

Аюул гамшигийг зайлуулах сүрэг малаа энх мэнд байлгахыг хүсэн гуйдаг. Цацлын үгний өвөрмөгц хэлбэр нь ан агнуурын холбогдолтой зан үйлийн шүлэг юм. Анд явахын өмнө уул усанд цацал өргөн ганзагын сан тавьж, буу мялаан ангийн олз хийморийг дуудсан мялаалгын үг хэлэх, заншил монгол хэлтэнд түгээмэл, анчны цацлын үгийн эхэн буюу төгөсгөлд ан агнах гэж буй тухайн уул хангайд хандсан үгс байдаг нь хуучин ойлголтын дагуу уул усны далдын эзэн лус савдаг нарыг баясган аргадаж, хайр өршөөлийг нь гуйсан шүлэг бишрэлээс учир холбогдолтой юм. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын анчны цацлын үг

Овоо хангай

Орон дэлхий

Лусын хаадад

Идээнийхээ дээжийг өргөе гэж хэлээд ангийн олз хишиг гуйн

Найман ганзагыг минь цусдан хайрла

Саарин гарыг минь цустан хайрла гэх мэт

Мөн энэ нутгийн цацлын шүлэгт амьтадын нэрийг урнаар шүлэглэн таалсан нийтлэг шинжтэй юм.

Улаа уудаг чоно

Урт хөл үстэй шилмүүс

Өөх ихтэй гахай

Өндөр шилбэтэй тураг

Хадны ирвэс

Модны хэрэм

Хамаг их амьтнаасаа

Хайрлан соёрх гэж гардаг.

Эдгээр нь тухайн газар орны ангийн баялгийг төдийгүй ан агнуурын холбогдолтой амьтадын нэрийн жагсаалт гэж болох юм. Өөрөөр хэлбэл, тааралдсан амьтан бүгдийг бус харин аж амьдралд ямар нэг талаараа нэмэр хандив болох тодорхой хугацаанд агнадаг байсны тусгал ажээ. Ер нь Монголчууд ан амьтан үржин төлжих, тарга хүч нь гүйцэх хугацаа хэмжээг харгалздаг уламжлалтай. Анчдын хуруй дуудлаганд өөхөө даахгүй тарганаас нь, өвсөө даахгүй хөгшнөөс нь идэхэд арвин, эдэлхэд сайнаас нь өгөн соёрх гэх зэргээр өгүүлдэг нь ардын энэ заншлыг харуулж байна. Ан агнуурын зан үйлийн холбогдолтой ганзгын сангийн үг нь цацал мялаалгын үгний нэг хэлбэр юм. Ганзгын сан нь хуучны ойлголт ёсоор бол тахилга-мялаалга зан үйл үйлдэн бясалгаж, ангийн олз гуйсан утгатай энэ зан үйлийг анд явахаас өмнө гүйцэтгэхдээ, чанасан 4 өндөр, шагайт чөмөг, үнэгний арьс, алтан өнгөт хоргой торго тэргүүтнийг эмээлд бэхлээд хажууд нь 4-н зул, 4-н хүж асаана. Ганзгын сангийн шүлэгт эхлээд түүнийг ариутган магтсан утгатай үгийг шүлэглэн хэлж сүүлд нь олз хишиг хүсэн билэгддэг.

Тухайлбал: Ганзгын сангийн нэг хувилбарт:

Хэлэх олон их олзыг

Шорлогонд учруулагч

Онгод ганзгын минь

Үнэрт арц шатсан

Үнэн ариун тахилаар тахинам би

Үргэлж шорлогонд учруулагч

Онгод их ганзага минь

Хүндэт хүж шатааж

Хүсэл сэтгэлээр тахинам би

Хүн бүгдийг хүсэх мэт болгогч

Хүнд их олз шорлогонд учруулагч

Онгод ганзага минь

Хаан хүнд

Халуун царайт болгогч

Хамаг их олз учруул

Ноён хүнд

Ном холоор

Нуур далай мэт их шорлогондучруулах болтугай хэмээн өгүүлдэг.

Хүний хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирч, арга туршлага нэмэгдэх тутам байгалын эрхшээлээс улам бүр ангижирч ирсэн нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх, тэнгэр лус савдгаас хайр энэрэл гуйх биш, харин хүч чадал авхаалж самбаагаараа хэрэгцээт зүйлээ олж авах буюу бий болгох эрмэлзлэлтэй болгодог. Үүний тусгал нь ан агнуурын холбогдолтой зан үйл аман зохиолоос харагдаж байна.

Жишээ нь:

Буугийн тарни

Уг шүлэгт “ бие нь арслангийн бие, дуу нь луугийн дуу мэт, гал нь луугийн цахилгаан мэт, сум нь огторгуйн од мэт, түрлэг нь гарьдын шүүрлэг мэт” хэмээж түүнийг хүч чадалтай зүйлстэй зүйрлэж магтжээ. Цацал өргөх ёс нь тэнгэр, хангай дэлхий, уул ус тэдгээрийн далдын эзэн онгодод хандсан сүү цагаан идээний дээж өргөх зориулалттай байдаг бол мялаалгын ёслол нь тийм зүйл бараг үгүй, харин онцлог хүндэтгэлтэй хэмээн шүтсэн эд юмсыг өөх тосоор мялаан баясгах учир холбогдолтой байдаг. Мялаалгын зүйлс нь малчин хүний амьдрал ахуйд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сэтгэхүйд нь онцгой хүндэтгэлтэй санагддаг эд өлгийн зүйлд зориулагддаг байна. Ер нь Монголчууд шинэ гэр, байшин барих, шинэ дээл өмсөх, тэрэг, уураг зэргийг шинээр хийж дуусгах, малын зэл, хөглө шинээр татах зэрэгт мялаалгын тусгай ёслол гүйцэтгэдэг заншилтай.

Тухайлбал: Хавар шинэ гарсан хурга ишгэнд зориулан хөгнө шинээр татахдаа мялаалгын тусгай ёслол үйлдэж, төл мал энх мэнд өсөхийг бэлэгдэж

Алтай ханд сууж

Аяа цагаан хонины

Хургыг хөгнөж билээ

Алив бүгд цугланам билээ

Цай идээ уураг сүү тосоор чинь

Ариулан мялаан суунам би

Хэмээн тухайн ажил хөдөлмөр, зан үйлийн явцыг дурдаад

Ганга мөрөн далай мэт

Буян хишгийг гуйнам

Хурай3

Эдүн тэнгэр эцэг эхийн

Буян хишгийг гуйнам гэж хурайлан мал сүрэг өсөхийн буян хишгийг гуйдаг. Хөгжлийн явцад мялаалгын үгийн шүтлэгийн утга орхигдон дан ганц зан үйлийн зориулалттай, аж байдлын магтаал ерөөлийн аястай болсон байна. Тухайлбал: шинэ гэр мялаалгын үг нь бадаг бүрт мялаах гэдэг үгийг эс тооцвол цэвэр мялаалгын шинжтэй юм.

Гэр мялаалгын үгэнд:

Хангайн модыг хагалж хийсэн

Харуулын ирээр өөлж хийсэн

Хантар хүрэн цавуугаар нааж хийсэн

Хамаг буян хишгийг хураан тогтоосон

Хас их хаалгыг мялаая гэх маягаар гэрийн хэсэг, эд хогшилыг тоочин мялаадаг. Гэр мялаалгын үгэнд гэрийн бүтэц хэсгээр нь задлан тоочин магтахдаа зөвхөн тухайн зүйлсийг бус түүнийг хийж бүтээх арга туршлага хөдөлмөрийн явцыг дүрслэн магтан шүлэглэдэг. Эдгээрийн дотор гэрийн дээвэр туурга тэргүүтний тухай хэлсэн нь онцгой байрыг эзлэх бөгөөд энгийн ерөөлтэй төстэй. Тухайлбал:

Эм хонины ноосоор

Эвлүүлж зулж хийсэн

Элст голын усаар

Шавшиж усалж хийсэн

Эрчимтэй сайн мориор

Татаж чирж хийсэн

Энтэй цагаан туурга дээврийг чинь мялаая мөн

Ороо морины дэлээр

Ороож томж хийсэн

Орсон буурын зогдроор

Оёж ширж хийсэн

Огторгуйн салхитай тэмцэлдэж байдаг

Оосор бүслүүр түүнийг мялаая

Даллагын үг нь мөн эрхэмлэн хүндэтгэх зүйлдээ идээний дээж өргөн хишиг буяныг урин дуудсан аястай цацал мялаалгын үгийн өвөрмөгц нэг хэлбэр юм. “ даллага “гэдэг нь гараар урин даллах утгыг илэрхийлж байна. Энэ нь уг зан үйлийг гүйцэтгэхэд ямар нэг үйл хөдлөлтэй байсныг харуулж байна. Монголчууд малчин ардын үзэл бодлын үүднээс цаг улирлын өөрчлөлт, байгалын янз бүрийн содон үзэгдлийг онцлон үзэж, тусгай зан үйл үйлддэг билээ. Өвлийг өнтэй давсны баяр цагаан сар байдаг бол, хаврын хатууг эсэн мэнд өнгөрөөж урин цагийг угтахын билэгдэл нь хаврын даллага юм. Малчин Монголчууд хаврын сүүл зуны эхэн сарын үед шувууны даллага, тэмээний даллага зэрэг ёслол үйлдэн төлөө бүрэн бойжуулсаны, малаа өсгөж цагийн сайхантай золгосны баярыг тэмдэглэдэг байна.

Шувууны даллага авах ёслолын үед:

Цагаан цэн шувуу ирэхэд

Цаст уул гэсэхэд

Цагаан шарагч гүү унагалахад

Цаглашгүй их даллага иртүгэй иртүгэй хурай

Хун шувуу ирэхэд

Хур цас гэсэхэд

Хурагч гүү унагалахад

Хувьт их даллага иртүгэй

Хурай хурай хурай

Хөхөө шувуу ирэхэд

Хөрөгсөн газар гэсэхэд

Хөгнөсөн хурга саах тавихад

Хишигт их даллага иртүгэй

Хурай хурай хурай гэх мэтээр хаврын үржил шим мал төллөхийн хишиг буяныг урин дуудсан байдаг.

Цацал мялаалга дуудлагын үг нь хүрээлэн буй байгаль, ертөнцийн юм үзэгдэлд хүмүүсийн сэтгэлийн догдлолыг тусгадаг бөгөөд энэ нь тухайн үеийн үзэл бодолтой нягт холбогдон илэрдэг байна.

Ерөөл

Ерөөл ард түмний аж байдал ажил хөдөлмөрийн янз бүрийн үзэгдлийг тусган магтаж ирээдүйнх нь сайн сайхныг зөгнөсөн утгаар зохиогдож иргэний ба олон нийтийн баяр ёслолын үед хэлэгддэг зан үйлийн холбогдолтой тусгай хэлбэрийн уран шүлэг юм. Эсгий хийх, ноос савах, ан гөрөө авлах, аян жин тээх, зэрэг ажил хөдөлмөртэй холбогдсон зан үйл тус бүрт ерөөл бэлгийн үг байдгийн зэрэгцээ зарим томоохон ёслолд хэдэн арван ерөөл хэлдэг.

Ерөөлийг хэлбэр хэмжээгээр нь бэлэг дэмбэрлийн үгс, ерөөл гэж 2 ангилж болно. Ерөөл нь үгийн гарлын хувьд ч төрөл зүйлийн талаараа ч хараалын эсрэгзүйл юм. Ерөөл нь сайн сайхныг хүсэх утга санааг илэрхийлдэг бол хараал нь үгийн ид шидийн хүчээр хор хөнөөл учруулахад чиглэгддэг.

Ерөөл нь аливаа юмны сайн сайхныг зөгнөн/ ёрлон/ бэлэгдэх зориулалттай үүссэн ажээ. Иймээс ёр гэсэн үгээс гаралтай байна. Ерөөл бэлгийн үгсийг хэлэх тусгай дэг ёс бий. Ерөөлийг тусгайлан мэрэгжсэн ерөөлч, тухайн ёслолын үед гэрийн эзэн буюу найрын ахлагчийн архи айргийн хамт барин ерөөл бэлгийн үг хэлэхийг хүсдэг байна. Ингээд ерөөлч малгайгаа өмсөн гэрийн баруун талд буй сангийн хажууд юмуу, эсвэл гал голомтын дэргэд зогсон хоймор суугаа хүндэт зочдын зүг хандан байж ерөөдөг.

Ерөөл бэлгийн үгийг ерөөлч хуучин ерөөлүүдийг цээжлэн аваад хэлдэггүй тухай бүр өөрөө шинэ ерөөл зохион хэлдэг. Энэ нь ерөөлчийн авьяас билэгтэй холбоотой юм.

Ерөөлийг “зээ” гэж эхэлдэгээс гадна ерөөл төгсөхөд хэлдэг тогтмол түрлэгийн үг бий. Халхад ерөөл хэлж дуусмагц найрчин олон тэр ерөөл бат орших болтугай гэж нийтээр түрэн хэлдэг нь амьдралын сайн сайхныг зөгнөн бэлэгдсэн ерөөлчийн үгийг таашааж байгаагийн илэрхийлэл юм. Ерөөлүүд агуулгын хувьд өөр өөр боловч хэлбэр зохиомжийн талаар бараг ижил тогтмол эхлэл, төгөсгөлтэй гэж болно. “ Ерөөл хэлэхдээ ерөөх гэж байгаа учир шалтгааныг гаргаж дараагаар нь “ ерөөж байгаа үйл явдал, гэр, хогшил, мал хөрөнгийн бодит байдлаар магтан сайшаагаад төгөсгөлд нь ирээдүйг зөгнөн ерөөх хүсэл санаагаа илэрхийлж гаргадаг”

Мөн олонхи ерөөлийн эхэнд ерөөлч өөрийн дур зоргоор бус олны хүсэлтээр бэлэг ерөөлийн үг хэлэх болсон тухайгаа урнаар шүлэглэн хэлдэг.

Тухайлбал:

Архи нэртэй

Ариун чанартай

Сархад нэртэй

Сайхан чанартай

Идээнийхээ дээжийг

Агар зандан хундаганд нь

Амсар тэгш хийгээд

Наанаа навчин хээтэйг

Цаанаа чамин хээтэйг

Нанжвандан хадагтай барьж

Намайг ерөө гэсийн биз ээ хэмээн ерөөлчид барьсан архи хадгийг магтан ерөөх болсон учраа хэлдэг байна. Түүнээс гадна зарим ерөөлд:

Баруун талаар суусан баатар сайн эрс

Сайхан эрдэнэсээр чимэглэсэн

Зүүн талын эгч бэргэд

Булгийн ус шиг оргилсон

Буянт рашааныг түгээгч

Аяагчин хундагачин

Бат их суудалтай

Бөлбөлзөх их шинжтэй

Баатар сөнчин гэх зэргээр найранд ирэгсэд, аягачин, сөнчин нарыг цөмийг тоочин магтаж ерөөсөн хэсэг зарим ерөөлд байдаг. Ерөөлийн үндсэн гол хэсэгт ажил хөдөлмөрийн явцыг урнаар дүрслэн магтсан байдаг. Гэхдээ ерөөлийн энэ үндсэн хэсгийн дүрслэл магтаалаас ялгаатай. Магтаалд аливаа юмс үзэгдлийг тоочин магтах хандлага түгээмэл бол, ерөөлд ихэвчлэн цаг хугацааны дарааллаар солигдох үйл хөдлөл дүрслэлийг хийсэн байдаг. Тухайлбал:

Эрдэнэт олон адуун сүргээ

Элбэг соргог бэлчээрээс

Эртлэн цуглуулж ирээд

Эн татсан зэлээ тойруулаад

Эгнэж багширтал хураагаад

Эелдэг хурдан морио унаад

Эрийн хийморь болсон

Эвтэй сайхан уурганд нь

Эрч цээл хуйвыг уяад

Эдийн манлай цагаан хадгийг зүүж

Эгнэж өхөөрдмөөр хөөрхөн

Энхрий нялх унагаа уургалаад

Эртэй сайндаа тогтоогоод

Элбэн давшин ногтолж

Эрхийлэн чагталж жагсаагаад ...

гэж гүүний үрсийн баяр ёслолыг хийж буйг өгүүлсэн байдаг. Мөн зарим ерөөлд тухайн заншил ёслолын учир утгыг тайлбарлаж сургамжилсан утгатай байдаг. Тухайлбал сүй бэлэг авсны дараа хурим болохын өмнөхөн ах дүүс ураг садны хүмүүсээ цуглуулаад:

Хан сүмбэр уулын хажуу хаданд

Хангарьд шувуу өндөглөбэй ч

Хамаг гүрний дээгүүр халин нисдэг

Хайртай үрээ хичнээн хайрлаж өсгөсөн болбай ч

Харийн газар хадамлуулж

Хан төрийн журам ёсыг дагуулдаг

Хагуучин цагийн дүрэм ёс юмаа хэмээн хүний ёсыг даган хайртай охиноо хүнтэй суулган хадмын газар үдэх болсны учрыг ятган сэнхрүүлсэн сургаал зүйр цэцэн үгсийн аястай ажээ. Наадмын ерөөлд эрийн 3 наадмын үндсэн төрлүүд болох бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааны тухай тодорхой нарийн дүрслэлүүд байдаг. Наадмын ерөөл бөхийн барилдааны тухай :

Бага насны залуучууд нь

Бараан хөх өнгөтэй

Бариу давчуу зодгуудыг чинь

Багтаж ядан өмсөлцөөд

Баруун зүүн талаас нь

Бараа бараагаар нь тавилцаад

Бачим түргэн дэвэлцээд хэмээн нарийвчлан дүрсэлсэн бол, хурдан морины уралдааны тухайд:

Таван өнгийн дарцгийг намируулсан

Тал талын багачууд хүүхэд нь

Тааруу тааруухан зээнгоо татаж

Тамир жолоогоо эмхлэн барьж

Татаж тавихын байр янзыг

Хурдлан эргэж уувлан хийхэд

Хүдэр хурдан морьд нь тогтож ядан тэмүүлээд

Хүүхэд багачуудын дуу нь уянгалан хангинаад

Хүлэг морины шинж нь илрэн танигдаад

Хүн бүхний сэтгэл байж ядан догдлоод ... хэмээн өгүүлжээ.

Зарим судлаач нь “ ерөөл нь бие даасан төрөл зүйлийн хувьд барагцаалбал 15-р зууны сүүл орчимд бүрэлдсэн бөгөөд гарал үүслээрээ бэлэг дэмбэрлийн үгсэд хамаарна гэжээ.

Бэлэг дэмбэрлийн үгс

Бэлэг дэмбэрлийн үгс нь янз бүрийн ёслол, зан үйл ажил хөдөлмөрийн үйлсэд сайн сайхныг хүссэн сэтгэлийн илэрхийлэл болгон хэлдэг богино шүлэг юм. Энэ нь ерөөлийн шинж чанартай боловч хэлбэр зохиомж, утга бүтэц, хэлэх байдлын зохих ялгаа бүхий билээ. Ерөөлийг тусгай мэрэгшсэн ерөөлч хамт олны хүсэл бодлыг хамтатган илэрхийлж зохион хэлдэг бол тухайн ёслол, ажил үйлдлийн үед тааралдсан хэн боловч ганц өөрийн зүгээс сайныг хүссэн сэтгэлийн илэрхийлэл болгон хэвшин тогтсон бэлэг дэмбэрлийн үгийг тогтоосны хирээр хэлдэг. Мөн ерөөл нь зохион бүтцийн хувьд эхлэл, өрнөл, төгөсгөл гэж ялгаж болохуйц хэсгүүдээс бүрдэл болдог бол бэлэг дэмбэрлийн үгс нь тийм бус сайныг хүсэмжлэн ерөөсөн утга бүхий нэг хэсэг буюу хоёроос дээш хэд хэдэн мөрөөр бүтдэг. Гэхдээ эдгээр хөг мөр ихэвчлэн “ аарай, ээрэй, оорой, өөрэй” “ тугай, түгэй “ гэх мэт дагавар бүхий хүсэх төлөвийн үйл үгээр төгссөн байдаг. Харин ерөөл хэлж гүйцмэгц сонсогчид нийтээр түүний утгыг бататгасан утга бүхий хос мөр хэлдгийн адил бэлэг дэмбэрлийн үгийн хариуд хэлдэг тусгай үг бий. Тухайлбал:

Орштугай, ерөөл өлзий болтугай, ам өлзий болтугай, ерөөл болтугай гэх мэтээр наргиантайгаар талархан илэрхийлдэг байна. Бэлэг дэмбэрлийн үг нь ихэнхдээ байнга давтагдан тогтвортой хэлэгддэг бөгөөд тухайн ажил үйлдэл, заншил ёслолтой утга агуулгаараа нягт холбоотой байдаг.үүний тодорхой нэг жишээ бол хуримын үед хэлдэг үгс юм. Ялангуяа хадам эцэг эхдээ бэр мөргөх үед тэдний зүгээс

Мөргөсөн толгой чинь

Мөнхбат болтугай гэх буюу эсвэл

Хандгай буга харвах хүүтэй бол

Халиу булга эсгэх хүүхэнтэй бол гэх мэтээр эрүүл энх урт удаан насалж өнөр баян аж төрж жаргалтай явахыг ерөөдөг байна.

Анх шившлэгийн шүлгээс гаралтай бэлэг дэмбэрлийн үгсийн цаашид нэмэн баяжих явцад эхлэл, өрнөл, төгсгөл бүхий урт ерөөлийн хэлбэрүүд үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй. Харин шившлэгийн, шүлэг, бэлэг дэмбэрлийн үгсийн хоорондын ялгаа нь бэлэг дэмбэрлийн үгс нь шившлэгийн адил, хүн амьтан, өвс ургамалд хандсан байдаг бус, зөвхөн ямар нэгэн ажил үйлдлийг хийж буй хүнд хандсан сайн сайхныг ерөөсөн байдаг. Ажил хөдөлмөрийн холбогдолтой бэлэг дэмбэрлийн үгс нь анх шившлэгийн үгсээс гаралтай боловч үгийн ид шидэнд итгэх хандлага багасан ажил мэрэгжлийн мэндчилгээний шинжтэй болсон байна. Тухайлбал:

Анчин хүнд

Ганзага дүүрэн антай

Гарзгүй сайн явна уу хэмээн мэндчилэх буюу сүү хөөрүүлж байгаа хүнд

Тогоо дүүрэн сүүтэй

Торх дүүрэн өрөмтэй болж байна уу

Хурдан морь уяж буй хүнд

Уяа сайн

Морь хурдан

Тариа тарьж буй хүнд

Үр өтгөн

Үхэр хурдан гэх мэтээр хэлдэг нь сайн сайхныг хүссэн утга буйн зэрэгцээ мэндчилгээний үгийн чанартай юм.

Магтаал

Монгол ардын аман яруу найргийн уламжлалт өвөрмөгц нэгэн төрөл нь магтаал юм. Магтаалд тухайн дүрслэгдхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг. Монгол ардын магтаал нь ерөөлтэй зарим талаараа төстэй. Энэ нь түүний дүрслэх аргын зан үйлийн учир холбогдол үгийн ид шидэнд итгэх хандлагын нөлөө зэргээс тодорхой харагддаг. Ард түмэн хуучин цагт байгаль орчинд үлгэр домч сэтгэлгээний үүднээс хандаж байсан нь ерөөл магтаал доторх дүрслэлээс харагдаж байна. “ Ерөөлч магтаалч нар амьдралыг танигдахгүй болгож чимэглэж гоёж диваажин гэж байдаг бол тэр л ийм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж бодит ахуйг хүний хүсэл мөрөөдлийн ертөнцөд аваачих байдалтай болгодог. Магтаалыг ерөөлийн нэг адил зан үйлийн тодорхой нэг ёслолын үед хэн нэг уран авьяастан хамт олны нэрийн өмнөөс нийтийн санаа бодлыг илэрхийлж хэлдэг онцлогтой. Тэгэхдээ ерөөлийн нэг адил айзам хэмжээ бүхий тусгай хөг аялгуунд хэлдэг байна. Магтаалд ийнхүү ерөөлтэй төстэй зүйл цөөнгүй боловч төрөл зүйлийн үндсэн шинжээрээ ялгаатай. Тухайлбал хоёуланд нь тухайн зүйлийг магтан сайшаах санаа байдаг боловч ерөөлд түүний ирээдүйг зөгнөн бичдэг бол магтаалд одоогийн байгаа сайн сайхныг нь магтан батжуулах утгыг илэрхийлсэн байдаг. Ялангуяа магтаалд дүрслэгдхүүнээ бүхий л талаас нь магтан дүрсэлдэг онцлогтой. Тухайлбал уул, усны магтаалд түүнийг 4 зүгээс нь тойрон харах үеийн дүр төрх, шинж байдал, ан гөрөөс, өвс ургамал бүрийг нэг бүрчлэн урнаар тоочин шүлэглэдэг бол нум сумын магтаалд хэсэг нэгж бүрээр нь дурдан магтдаг. Монгол ардын магтаал нь байгаль, нийгмийн амьдралын олон талыг хамарсан баялаг агуулгатай, зан заншил, аж байдал, байгалийн зэрэг өргөн сэдэв хамардаг байна. Иймд магтаалыг сэдэв агуулгын талаас нь

1. Зан үйлийн магтаал

2. Уул усны магтаал

3. Аж байдлын магтаал гэж ангилна.

Зан үйлийн магтаалд үндэсний баяр наадмын үед дууддаг морь, бөхийн цол, нум сумын магтаалыг оруулж болох юм. Тухайлбал:

Хангарьдын дэвэлт

Хамгаас хүчтэй

Бөхийн магнай

Бүгдэд алдаршсан

Наадмын тэргүүн

Олноос онцгой

Түмнээс төгөлдөр

Жавхлан хүчит

Даяар дурсагдах

Далай даян аварга гэх мэтээр цоллохдоо төгөсгөлд нь хаанахын ямар бөхийг амлан авч барилдаж буйг хэлдэг ажээ.

Тухайлбал: Намхай аваргын цол

Үнэн хүчит

Магнайн баясгалант

Тун ч гарамгай

Бат суурьт

Баатар зоригт

Хичээнгүй нягт

Харишгүй жавхлант

Маш анхааралт

Уран өрнөх

Саруул сайжрах

Даяар үзэсгэлэнт гэх мэт

Уралдаанд түрүүлсэн моринд:

“ Түмний эх“ хамгийн сүүлд орсон моринд “ Бүрэн жаргал” гэсэн цол өгч наадамд уралдаж түрүүлсэн барианд орсон морьдыг бэлэгтэй сайхан үгээр магтан шүлэглэж аялгуулан хэлэхийг морины цол гэнэ. Энэ нь зан үйлийн магтаал шүлгийн өвөрмөгц нэг хэлбэр юм. Морины аливаа цолны эхэнд уг хүлэг хаанахын хэний адуун сүргийн унага болохыг тодорхойлсон байдаг. Үүний дараагаар ” Түг түмэн агтны дундаас төгс хурдан шандсаа үзүүлж харцага шувуу шиг нисэж хамгийн түрүүнд ирэгч” хэмээн хурдан хүлгийн шинж байдлыг

Зоон дөрвөн соёотой

Зохиол зургаан хүзүүтэй

Засмал дөрвөн туурайтай

Замбага хоёр чихтэй

Туулай сайхан зоотой

Тунсаг сайхан сүүлтэй

Тухлаг бадриун биетэй

Мойл хар нүдтэй

Молор эрдэнэ толгойтой

Мохошгүй эрэмгий чадалтай

Морины сайн шинжийг

Мөн биедээ бүрдүүлсэн..... гэх мэтээр урнаар шүлэглэн тоочдог. Сур харваатай холбогдол бүхий аман яруу найргийн нэг нь нум сумны магтаал юм. Тэгэхдээ нум сумны магтаалыг зөвхөн эрийн гурван наадмын үед биш, хуримын ёсонд хадам эцэг нь хүргэн хүүдээ сум бэлэглэх үед, мөн айл гэрийн буян хишгийн даллага авах үед хэлдэг байна.

Ойн олон модны дундаас

Онцгой нэгэн шулуун бургасыг

Гоцлон авч сонгоод

Хоёр тохойгоороо хэмжиж

Ховил харуулаар харуулдаж

Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж

Хурдан цагаан сум болгосон гэдэг

Гэх мэтээр уг сумыг хэрхэн яаж хийдэг арга хөдөлмөрийн явцыг дэс дараалан шүлэглэсэн байдаг.

Мөн нум сумны магтаалд

Хадыг харвавал хагалдаг сум

Хандгайг харваваас шувталдаг сум

Бутыг харваваас булгалдаг сум

Бугыг харваваас шувталдаг сум гэж сумыг магтсан байдаг.

Манай ард түмэн эх нутгаа юунаас ч илүү энхрийлэн хайрлаж эрхэмлэн хүндэтгэж ирсэн нь уул усны магтаалд тодорхой туссан ажээ. Монголд сүр жавхлантай, үзэсгэлэнт уул ус олон байдгийн нэг адил тэдгээрийн гоо сайхныг дүрсэлсэн магтаал олон бий. Тухайлбал: Алтай, Хангай, Хэнтий, Их Богд, Гурван сайхан, Хан Хөхий гэх мэт алдартай их уул усны тухай олон сайхан шүлэг магтаал зохиогдон үеэс үед уламжлан хэлэгдсээр ирсэн. Уул усны магтаал нь анхны гарал үүслийн хувьд үгийн шидийн хүчээр уул усны эзэд лус савдагийг магтан баясгаж, хайр ивээл гуйсан зориулалттай уул овоо тахих зан үйлийн учир холбогдолтой байв.

Тухайлбал:

Алтайн магтаалд

Баруун талаар тойроод гарахад

Баттай зэндмэнэ эрдэнэ

Баруун мутартаа атгаад

Барсын арьсан түшлэгтэй

Балдан Лхамын дүртэй гэж гардаг нь уулын төрх байдлыг янз бүрийн бурханы дүр төрхтэй адилтгасан дүрслэл уул усны магтаалд цөөнгүй бий. Харин хожим ард түмний ухамсар дээшилсэн үед уул усны магтаалаас далдын хүчинд итгэх үгийн шидэнд шүтэх гэнэн хандлага, шашны нөлөө гээгдэж бодит байдлын гоо сайхныг реалист байдлаар нээн дүрсэлж эх нутгаараа бахархах хандлага зонхилох болсон юм.

Тухайлбал: Хөгнө хааны магтаалд

Зуны улиралд ирэхэд нь бол

Зулзган мод нь ногоорсон доо

Зүлэг нуга нь хөхөрсөн дөө

Зусланд нь айлууд ярайсан даа

Зугаа цэнгэлээр жаргасан даа

Зуншлагт сайхан нутаг юм байна

Уул усны магтаалд буй шашны нөлөөг эс тооцвол, нийгмийн харьцааг тусгасан зүйл огт үгүй ямагт байгалын байдлыг дүрсэлсэн байдаг учир цэвэр байгалын уянга гэж нэрлэж болох юм.

Харин Богд уулын магтаалд

Орой дээрээ овоотой

Очир дарийн сүмтэй

Цагдаа болгон цалинтай

Цаазын олон амьтадтай

Алдаггүй олон амьтантай

Авдаггүй их модтой хэмээн тухайн уул ус үе дамжсан дархан цаазтайг тоочсон байна. Аж байдлын магтаал нь эд өлгийн зүйлс, мал сүрэг, хүмүүсийн тухай өргөн сэдвийг хамран зохиогддогоос гадна зан үйлийн учир холбогдол, үгийн ид шидэнд итгэх хандлага бараг байхгүйгээр бусад хэлбэрээс ялгарна. Магтаалын энэ хэлбэр нь нийгмийн амьдралын өргөн хүрээг хамарсан баялаг сэдэвтэй. Иймд түүхэн хүмүүс баатруудын тухай магтаал байдгаас гадна Монголын олон овог ястан зэрэг нийтлэг хэлбэрүүдийн тухай магтан зохиогдсон байдаг. Тухайлбал:

“ Монголын нууц товчоо “-нд түүхт хүмүүсийг магтан зохиогдсон зарим шүлгийг магтаалын хэлбэрт хамруулж болно.

Хангай ханд сууж

Харин ирэхийн харуул болсон

Халуун аминд түшээ болсон

Халх түмэн ... гэх мэтээр дундад зууны үеийн Монгол улсыг бүрдүүлж байсан овогтон ястан тус бүрийн тухайд нутгийн шинж, улсын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь онцлон магтаж зохиогдсон “ Зургаан түмэн Монголын магтаал” нь тухайн үеийн Монгол ардын аж байдлын магтаалын сонгодог жишээ юм. Мөн хуурчийн магтаал, бүсгүй хүний магтаал, бөхийн магтаал, анчны магтаал зэрэг эгэл жирийн хөдөлмөрийн хүмүүсийн тухай бүтээл цөөнгүй бий. Тухайлбал:

“ Анчны магтаал “

Аварга хүчтэй араатанг

Ангайх зуур нь намнаж

Адтай хурдан гөрөөсийг

Харайх зуур нь унагаж

Ганзага нийлсэн нөхөдтэй

Гал отгоо нэгтгэж

Гарцаагүй хэрэгтэйг агнаж

Галт сумаар унагаж гэх мэтээр анчны авхаалж самбааг магтжээ. Мал бол Монгол хүний хувьд хоол унд, хувцас хунар, орон сууц, эдлэл хэрэглэл, тээврийн хэрэгсэлийн зэрэг материаллаг хэрэгцээг хангах сурвалж болдгоос гадна ёс заншлын хүндэтгэл, гоо сайхны эрхэмлэл, уран сайхны сэтгэлгээнд нь бэлэгдлийн зүйл болж оюун санааны хэрэгцээг хангасаар ирсэн юм. Иймд аж байдлын сэдэвт магтаалд таван хошуу малын тухай дүрслэл онцгой байрыг эзэлдэг. 5 хошуу малын магтаалд малын хэлбэр галбир өнгө зүсний талаарх ард түмний гоо сайхны эрхэмлэл тод туссан байдаг. Тухайлбал : адууг

Баруун хөндийгөөр

Бараантан байдаг

Хулан хоёр чихтэй

Хулбан дөрвөн туурайтай

Тэмээг:

Хойд хөндийгөөр хонгортон байдаг

Хонин шар нүдтэй хондон улаан зүстэй

Ширээ бөхтэй ширэн төвөнхтэй

Үхрийг:

Урд хөндийгөөр

Улааран байдаг

Урт эвэртэй

Уянгат дуутай

Ухаа хондон үхэр гэх мэтээр эрхэм сайн өнгө зүс, дуу, хэлбэр галбир, ааш занг нь тоочин магтдаг. Мөн аж байдлын магтаалд хөдөлмөрийн багаж зэвсэг, бас мал аж ахуй ажил хөдөлмөрийн холбогдолтой магтаал олон байна. Уургийн магтаалд:

Ургаа байхын үедээ

Ус бороог татдаг юм

Сүрэгтээ бариад гарахдаа

Сэтгэл зүрхийг татдаг юм.

Нандин сайхан модоор

Цээжийг нь хийсэн юм.

Нарийн сайхан модоор

Татуургыг нь хийсэн юм

Гур зүрийн сураар

Хөлгүүрийг нь хийсэн юм

Гурвалсан шөрмөсөн сураар

Хуйвыг нь хийсэн юм гэх мэтээр уургыг бүтэц хэсгээр нь урнаар тодорхойлоод малчин хүний хөдөлмөрийн зэвсэг болохыг бахархан магтжээ. Ийнхүү Монгол ардын магтаал нь анх зан үйлийн хүрээнд үгийн ид шидэнд итгэх гэнэн хандлагыг илэрхийлж үүссэн бол ард түмний оюун соёлын дээшлэлтийн явцад үүнээсээ ангижирч, аж төрөх ёс, улс нийгмийн амьдралын онцлог чухал зүйлсийг тусгах болж сэдвийн хүрээ нь өргөсөн реалист дүрслэлээр баяжиж уран сайхны зориулалт нь давамгайлж үгийн урлагын сонгодог жишээ болон хөгжиж байна.

Оньсого

Оньсого нь ардын аман яруу найргийн хураангуй бүтээлийн төрөл зүйлийн нэг бөгөөд бүхэлдээ хүний ухаан билгийг шалгаж, бодох, сэтгэх чадлыг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн, тухайн үндэстэн ард түмний танин мэдэх сэтгэлгээний түүхт хөгжлийн үр дүнг тусгасан гүн дэлгэр агуулгатай, гайхам уран яруу ёгт хэлбэртэй асуудалт асуулт мөн болно.

Оньсого нь тус бүр ардын яруу найргийн авсаархан бүтээлийн хувьд сэтгэх үйл ажиллагааны зэгсэн дээгүүр хөгжлийн үр дүн болж гарсан тул аман зохиолын хөгжлийн нилээд хожим үед хүчин бүрдлийг олж дэлгэрсэн, аман зохиолын доторх гүн ухааны шинж чанартай төрөл зүйлийн нэг билээ. Орчлон дахины хамаг юм үзэгдлийг хамран зохиогдсон Монгол оньсогын өргөн дэлгэр агуулгыг дор дурьдсан үндсэн хэдэн анги сэдвээр ялган тайлбарлаж болох юм.

1. Сав Ертөнцийн тухай оньсого

2. Шим ертөнцийн тухай а/ ургамлын тухай

б/ хүний тухай

в/ амьтаны тухай

3. Хүний сэтгэхүй, нийгэм, үйл ажиллагаа гэх мэт

Сав ертөнцийн тухай оньсого-д юуны өмнө тэнгэр газрын тухай оньсого орно. Үүнд: Ирэг сэрхийн

Эн чацуу / тэнгэр, газар /

Аавын дээлийг алдаж болохгүй

Ээжийн дээлийг эвхэж болохгүй / тэнгэр, газар /

Энэ сэдвийн Монгол оньсогонд бас огторгуй орчлонгийн эх захгүй, хязгааргүйг танин мэдсэний илрэл болсон гүн ухааны төсөөлөлтэй зүйл ч бас байдаг. Жишээ нь:

Энгүй их, Тэнгүй хөх, / огторгуй / “ Туулж болохгүй нутагтай, Тоолж барахгүй төрөлтэй “ / тэнгэр, огторгуй / “ жин торго захгүй, жижиг сувд нүхгүй “ / тэнгэр од / Энэ бүх оньсогонд бас л огторгуйн уужмыг зах хязааргүй гэж оддыг тоо томшгүй / олон / гэж ухаарсан нь илт байна. Зарим оньсого уран хурц тоочилтод тулгуурлаж сав ертөнцийн элдэв үзэгдлийг тусган оньсголжээ. Жишээ нь:

Будавч хар

Булавч ил / сүүдэр /

Галд шатдаггүй

Усанд живдэггүй / мөс /

Шим ертөнцийн тухай оньсогонд ургамал, амьтан, хүний бие мах бодын тухай оньсого орох бөгөөд шим мандалд оршиж байгаа хамаг юмны талаар Монголын ард түмний мэдэж танилцсан зүйлс эдгээр оньсогонд үгүй дутуугүй туссан гэж хэлж болно. Ургамлын тухай зарим оньсогонд шим ертөнцийн энэ салбарын зүй жамыг гүнзгий танин мэдсэний гэрч болж зохиогдсон оньсого ч цөөнгүй байна. Жишээ нь:

“ Шоорон шоорон явдалтай, шороо ................ идэштэй / тариа /

“ Шарга даага ............. ус ууна “/ зэг хулс

Зарим оньсогонд ургамалд шинжлэх ухааны маягийн тоочилт хийсэн байх бөгөөд тэгэхдээ учир зүйн үгүйсгэх боломжийн хэлбэр ашигласан нь сонирхолтой юм. Жишээ нь

“ улаан ган ногоон ёроолтой

Ёроол дор нь 1 чимх саримстай” / чинжүү /

Ургамлын тухай оньсогонд Монголчууд гол төлөв тариа будаа, ...............жимс, идэшний ногоо зэрэг хүний хүнсний шууд хэрэгцээнд учир холбогдолтой ургамлыг олноор оньсогондооо оруулсан байгаа нь зүйн хэрэг юм. Жишээ нь “ Найган найган мод наян хоёр салаатай, салаа бүр үүрэгтэй, үүрэг бүр өндөгтэй” / тариа / гэж өвгөн ургамлыг тодоор зүйрлэжээ.

Газраас гарсан .................... ганган эрээн тоорцог

Алтан саа өнгөтэй, агар зандангийн үнэртэй / цэцэг /

“ газар доогуур галуу нүүх “ / модны үндэс /

Амьтаныг оньсоглон хэлэхдээ ул амьтаныг сайтар танин мэдсэн үндсэн дээр оновчтой хурц тоочин хэлэх нь оньсого зохиох гол хэрэглүүр болсон байж болох юм.

Эрхийн чинээ биетэй

Эр хонгор дуутай / зөгий /

“ тээг, тээг алхаатай

Тэхийн саарин гуталтай

Алаг булган дахтай

Алтан уурга чирээстэй / шаазгай /

Малын тухай оньсогонд мал тус бүрийн дотоод эрхтний бүтэц зэрэг анатоми физиологийн нарийн ялгааг ч манай ард түмэн сайн мэдэж тусган оруулсан байдаг. “ хээ хүү ..................., ах хүү алчуургүй “ / адуу цөсгүй / / тэмээ сэмжгүй/

“ Яг нум ясан хөвчтэй “ / Богтог, хорог / мөн хүний бие эрхтний элдэв хэсгийг хэлсэн оньсогыг шим ертөнцийн тухай оньсогонд оруулж болно.

“ Баруун талд бамбай цэцэг” / гэрийн эзэн /

“ Зүүн талд зүрхэн цэцэг “ / гэрийн эзэгтэй /

“ Орон дээр ............... цэцэг “ / хүүхэд /

Энд хүнийг цэцэгтэй зүйрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш хүнийг байгалын эрхэм сор бүтээл гэж ухамсарлаж байсны гэрч юм. Байгалын нандин бүтээлийн нэг хүний нүдний тухай

Бурханаа бургасаар гуядах “ / нүд цавчих /

“ Суулгын дотор суумал бурхан “ / нүд “ энэ мэтээр хүний чухал чухал эрхтэнг уран нарийнаар оньсоглосон байдаг. Жишээ нь :

Дов тойрсон долоон нүх / нүд, чих, хамар /

“ Хорин хонь холбоотой

Хотгор зээрд уяатай / шүд, хэл /

Хажуу дээр

Хар тэвш / чих /

Гүн худагт

Чин чулуу / горхи /

Хүнийг нийгмийн талаас нь оньсоглохдооюуны өмнө түүний оюун сэтгэхүйг онцлон хэлдэг байна. Жишээ нь :

“ цээл нүхэнд

Цэцэн тарвага / гэр доторх хүн /

Дэн их авдар

Дэлгэр их шастир / хүний толгой, тархи ухаан /

Барааны ард

Баршгүй чихэр / хүний сэтгэл /

Энэ бүгд зүйрлэл нь хүний оюун билэгтэйн гойд онцлогийг тэмдэглэжээ.

Хүн адгууснаас ялгарах ялгаа нь нийгэм юм.

“ Товч нь элэвч

Товч нь тасрахгүй / хүн үхэвч үр удам тасрахгүй /

“ хүүхэд байхаас нь зүүсэн хонх

Хүн болгонд миний нэрийг гаргана / хүний нэр /

Мөн маш эрт зохиогдоод уламжлан ирсэн оньсого ч байна. Жишээ нь

“Төрийн дөрвөн түшмэл

Төгрөг сайхан хүрээтэй

Манан их будан

Маш улаан эрдэнэ” / тулгатай гал /

Гэр бол Монголын эдийн соёлын аварга олотын нэг бөгөөд .......... тохилог сууцыг зохион олсноор Монголчууд эдийн соёлын бат хана хэрмээр байгалиас ........өрх тусгаарласан гэлтэй.

“ Хөмрөг сан

Хүнээр бөөлжинө “

“ ........... хийсэн ............

Оёж хийсэн шамбаахай “ / гэр /

Оюуны соёлын холбогдолтой утга агуулга бүхий оньсого ч мөн цөөнгүй.

Жишээ нь : “ мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор “ “ ном “

“ олонд ашигтай хээ

Оюуныг нэмэгдүүлэх хээ

Түмэнд ашигтай хээ

Төрийг мандуулах хээ / бичиг /

Дүгнэн хэлэхэд Монгол оньсогын үндсэн гол агуулга бол Монголын ард түмний замналдаа таньж мэдсэн үнэн байдлын бүх тал, сав шимийн ертөнцийн хамаг юм үзэгдэл мөн бөгөөд тэдний адилтган жиших, дүрслэн бодох, дүгнэлт гаргах сэтгэлгээний үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзлийн илрэл юм. Оньсого бол ард түмний саруул ухаан, хурц билгийн үр шим болсон бяцхан уран бүтээл юм. Монгол ардын оньсого нь ардын богино хэмжээний яруу найргийн дотор маш чухал байр суурь эзлэх, өргөн дэлгэр сэдвийг хамарсан, утга ур тэгш уран бүтээлийн дэлгэрэнгүй их орчлон юм. Тэр нь олон үеийн туршид нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн гүйцэтгэсээр ч байгаа юм, хойшид ч гүйцэтгэх бяцхан бүтээлийн төгөлдөр хураангуй мөн.

Таавар

Таавар нь ердийн учир зүйлд тулгуурладаг бөгөөд түүний гол гол агуулга нь элдэв үйл явдлын асуудал бүрдүүлсэн тохиргоог дүрслэн үзүүлсэн хошин шог өгүүлэл маягтай байна. Таавар нь нийтдээ хүүхэд залуусын бодох сэтгэх чадварыг хөгжүүлэх зориулалттай бөгөөд дотор нь тооны, учир зүйн, хэл зүйн гэсэн 3 хэсэгт хуваагдна.

Тооны таавар нь математик сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн нэгэн зүйл аман бодлого бөгөөд хийсвэр бясалгалын шинжтэй бус мал аж ахуйн практик ажил хөдөлмөртэй холбоотой үлгэрийн өгүүлэмжтэй байх нь цөөнгүй.

Тухайлбал : “ урьд нэгэн өвгөн залуу 2 холын аянд явжээ. Залуу нь шөнө болгон тэмээгээ манадаг байв. Нэгэн шөнө залуу би нойрондоо дийлдэх нь яадаг билээ гэхэд өвгөн ухаан сийлж “ чи далан тэмээгээ далан гадсанд сондгой тоогоор уяад унт” гэжээ залуу хэлсэн ёсоор шөнөжин оролдоод чадсангүй. Нэг мэдэхэд үүр цайсан байж гэнэ. Үүний учир юу вэ? Гэсэн таавар байдаг. Ийм аман бодлого нь математикийн янз бүрийн үйлдэл цээжээр хийн бодохыг шаарддаг байв. Ийм бодлого таавар байхаас гадна нийгмийн харьцааг тусгасан улс төрийн чиглэлтэй учир зүйн бодлого ч байна. Жишээ нь :

Нэг зуун лам, нэг зуун боорцог, гэлэн 10 боорцог идэх, гэлэн 5 боорцог идэх, банди тал боорцог идэх, хэдэн гэлэн, хэдэн гэцэл, хэдэн банди байв?

Хариу / 1 гэлэн, 9 гэцэл, 90 банди /

Энд гэлэн, гэцэл, банди нарын идэх боорцогийн тоог бодуулахаас гадна тэдний эдийн засгийн болон эрхийг / иймд ангийн / ялгааг тодорхой тусган дүрсэлсэн байна. Хэл зүйн аман таавар нь хүүхэд залуусын үгийн сангийн болон үг зүйн мэдлэгийг тэнсэн сорьсон шинжтэй. Тухайлбал:

Малын эрхтний дотроос найман “ хай “ найман “ зуур “ дөрвөн “ Ж” орсон үг нэрлүүлэх таавар нь үгийн бүтэц үндэс дагаварын тухай мэдлэгийг шалгах зориулалттай. Тухайлбал : найман “ хай “ орсон үгийг тоол гэхэд

“ толгойд байдаг чамархай

Дотор байдаг чацархай

Гүзээнд байдаг хужирхай

Гүрээнд байдаг булчирхай

Өвчүүнд байдаг аюулхай

Өөхөнд байдаг уйланхай

Улхайж байдаг ухархай

Угалзалж байдаг тууранхай гэж хэлдэг бол дөрвөн “ ж “ орсон үгийг тоолоход: Аманд байдаг завьж

Аарцагт байдаг сүүж

Цусанд байдаг нөж

Гүзээнд байдаг сэмж гэх мэтээр шүлэглэн тоочдог байна. Аливаа таавар бол хүүхэд залуусын анхаарал сонирхолыг дээд зэргээр татахуйц байдлаар зохиогдсон байдаг бөгөөд ардын сурган хүмүүжүүлэх / этнапедагогик /зүйд асуудал дэвшүүлэх сургалтын арга барил байсны баримт мөн.

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурав гэдэг нь байгаль ертөнцийн юм үзэгдлийн дотроос шинж төлөвөөрөө нийтлэг гурван зүйлийг онцлон ард түмний амьдрал нийгэм, түүхийн туршлага, танин мэдэхүйн дүгнэлтийг илэрхийлэн зохиогдсон уран шүлэг юм. Ертөнцийн гурвыг хэлэлцэхдээ “ ерттөнцийн гурван хөх ....... юу вэ? гэх мэтээр асуухад нөгөө нь :

Уудам дэлхийн тэнгэр нэг хөх

Унтрах галын дөл нэг хөх

Урсах голын ус нэг хөх гэж хариулах байдлаар оньсого тааврын маягтай хэлэлцдэг. Тэгэхдээ оньсогыг бодвол ерөнхийлөн дүгнэх сэтгэлгээний үйлдлийг илүү ихээр шаарддаг байна. Ертөнцийн гурав нь Монгол ардын аман зохиолын өвөрмөгц нэг төрөл бөгөөд бусад үндэстний аман зохиолд бараг байхгүй гэж хэлж болно. Энэ өвөрмөгц сонин төрлийг төрийн гурав, дэлхийн гурав гэхээс гадна дархад ястанд тивийн гурав гэж нэрлэдэг. Буриадад бол таавар гурвалжин гэдэг байна. Гэвч сүүлийн үед ертөнцийн гурав гэдэг нэр нийтлэг болж байна. Ертөнцийн гурав нь оньсого, зүйр цэцэн үгтэй аль алинтай нь төстэй боловч бас тэдгээрээс ялгарах өвөрмөгц онцлог бүхий юм. Тухайлбал:

Оньсогонд таагдах зүйлийн нэрийг хэлэлгүйгээр түүний шинж байдал, дүр төрхийг далд ёгт утгаар дүрсэлсэн байдаг бол ертөнцийн гурав нь ямар нэг нууцалсан зүйлгүйгээр санаагаа ил утгаар шууд тоочин хэлсэн байдаг. Оньсогыг бодсоор тааж болдог бол ертөнцийн гурвыг урьд өмнө нь сонсож байгаагүй бол тааж чадашгүй юм. Ертөнцийн гурвын зүйр цэцэн үгнээс ялгарах онцлог бас бий. “ Зүйр цэцэн үгс тус бүрдээ ямарваа нэг үзэгдлийн хийсвэрлэсэн сэтгэлгээний гүнзгий дүгнэлтийг агуулсан байдаг бол ертөнцийн гурав нь юмс үзэгдлийн шинж төлөвийг хамгийн хурцаар хадгалж буй гурван зүйлсийг шууд тоочин танилцуулдаг юм.

Тостойгоос тогоо хар

Билэгтэйгээс бэх хар

Амттайгаас архи хар

Ертөнцийн гурван зүйр цэцэн үгийн өөр нэг ялгаа бол зүйр цэцэн үгийг хүний амьдралд сургамж болгож өдөр тутам хэрэглэдэг бол ертөнцийн гурвыг жирийн ярианд тэр болгон хэрэглэдэггүй зугаа наадмын шинж чанартай юм. Иймд ертөнцийн 3 нь оньсого зүйр цэцэн үгсийн алинд нь ч хамаарах бус харин бие даасан төрөл юм. Ертөнцийн 3 нь агуулгын хувьд байгаль ертөнцийн юмс үзэгдлийн өнгө зүс шинж тэмдгийг заадаг. Жишээ нь:

Тагт ургасан арц ногоон

Тайгад ургасан хуш ногоон

Талд ургасан зээргэнэ ногоон

Мөн ертөнцийн гуравт ажил хөдөлмөр амьдралын явцад таньж мэдсэн дадлага туршлагын чанартай зүйлийг ч тусгасан байдаг. жишээ нь:

Чулуун дээр ногоо ургуулах бэрх

Усан дээр гал түлэх бэрх

Үхрийн эвэр дээр цас тогтоох бэрх

Хүн залуугаараа байдаггүй

Хүлээс чангаараа байдаггүй

Хөвд ногооноороо байдаггүй гэх мэт энэ орчлонд юм бүхэн ямагт улиран хувирч байдаг хөгжлийн ерөнхий хууль зүйг илтгэсэн гүн ухааны дүгнэлт шингэсэн байна

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ужбул (зочин)

энэ үнэхээр хэрэгтэй мэдмээр зүйл байна,

Зочин

Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл байна шүү...

Mendee (зочин)

баярлалаа, маш сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье.

Mendee (зочин)

баярлалаа, маш сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье.

lhagbamaa (зочин)

хэрэгтэй мэдээлэл байна. Домын талаар бүр сайн дэлгэрүүлээд өгвөл

ыыыыыыыыы (зочин)

Баярлалаа маш их

зочин (зочин)

үнэхээр хэрэгтэй зүйл одоогийн хүүхэд багачуудад мэдүүлмээр юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)